ХАРИУЦУУЛАН ҮЛДЭЭСЭН АВТОМАШИНЫГ БУСДАД БОРЛУУЛСАН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ
2026-10-13 Админ Хандсан тоо: 23 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026/ШЦТ/259

Тоймын дугаар, огноо: 2026-09-10 /04/

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч Л нь 2025 оны 02 дугаар сарын сүүлээр Н дүүргийн … хороонд байрлах ногоо тариалангийн хашаанд асахгүй байдалтайгаар байрлуулж тавьсан Б-ийн эзэмшлийн 8,058,000 төгрөгийн өртөг бүхий “K” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Бусдын эд хөрөнгө завших гэж бусдын өөрт нь итгэж даатгасан эд хөрөнгө, түүний эрхийг эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр , зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авах , захиран зарцуулах үйлдлээр тодорхойлдог.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Л-ыг өөрийн хэрэгцээнд зарцуулах зорилгоор хохирогчийн тариалангийн талбайд байрлаж байсан тээврийн хэрэгслийг дур мэдэн авч бусдад борлуулсан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнээд гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://nalaikh-criminal.e-court.mn/fundmore/cea04c9f-2a5e-4629-9994-235d37f4e478

Тоймыг бэлтгэсэн: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд