Жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцох үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй
2026-10-13 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 307/ШШ2026/01771

Тоймын дугаар, огноо: 2026-07-02 /2026.09.08/

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцох үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүхийн нэр: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2026/01771 дугаар

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож байхад машинтайгаа урдуур шахаж орсон гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар заамдалцах явцад Б нь миний зүүж явсан алтан гинж, кулоныг тасалж 4,974,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Б-ээс гэм хорын хохиролд 4,974,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Нэхэмжлэгч А тухайн үед гинжийг зүүж явсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн А-ын буруутай үйлдлээс шалтгаалж, маргалдсан. Тухайн алтан гинж, кулоны эзэмшигч, өмчлөгч нь А мөн гэдэг нь хэрэг бүртгэлийн шатанд нотлогдоогүй.” гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч А, хариуцагч Б нар нь 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа “урдуур шахаж орлоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, хоорондоо заамдалцаж байх явцад хариуцагч А нь нэхэмжлэгч Б-ийн зүүж явсан алтан гинж, кулоныг тасалсан болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар хуульчилсан тул нэхэмжлэгч Г.Баярбаатар нь хариуцагч Б-ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Хариуцагчийн зүгээс “Нэхэмжлэгч А тухайн үед алтан гинж, кулон зүүж явсныг нотлох баримт байхгүй.” гэж маргасан боловч 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А-ыг алтан гинж, лууны хэлбэртэй кулон зүүж явсан болохыг гэрчүүд нотолсон.

Мөн Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-т “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.” гэж заасан учраас А нь 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зүүж явсан алтан гинж, кулоны хувьд өмчлөгч гэж тооцогдоно.

Иймд хариуцагч Б нь нэхэмжлэгч А-ын эд хөрөнгөд болгоомжгүйгээр учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин нэхэмжлэгч А, хариуцагч Б нар нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцох үүргээ биелүүлээгүйгээс тэдний хооронд маргаан үүсэж, улмаар хоорондоо заамдалцсанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, тухайн хохирол учрахад хэн аль нь буруутай байх тул шүүх уг нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоох нь зүйтэй гэж дүгнэж, хариуцагчаас 2,487,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,487,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Цахим холбоос: https://darkhan-local.e-court.mn/fundmore/115d6eb9-5c96-45f9-9a25-9fdb0e4fc23d