Гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн мэргэшүүлэх сургалт эхэллээ
2026-10-05 Админ Хандсан тоо: 310 Хуваалцах

Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хүрээнд зохион байгуулж буй Гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийн мэргэшүүлэх сургалт 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ.


Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ гэр бүлийн хэрэг, маргаан нь ердийн иргэний эрх зүйн маргаанаас ялгаатай, өвөрмөц онцлогтой. Учир нь шүүх гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлээд зогсохгүй, гаргасан шийдвэр нь хүүхдийн өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйн аюулгүй байдал, эцэг, эхтэйгээ харилцах харилцаа, боловсрол, эрүүл мэнд, цаашдын хөгжил, төлөвшилд шууд нөлөөлдөг. Тиймээс гэр бүлийн хэргийн шүүхийн үйл ажиллагааны мөнхийн чиг баримжаа нь хүүхдийн дээд ашиг сонирхол, үндсэн зорилго нь зөрчлийг намжааж, хүүхэд болон хохирогчийн сэтгэл зүйн хохирлыг бууруулахад оршино. Энэ зорилгод хүрэхийн тулд шүүх, шүүгч нь мэдрэмжтэй, мэдээлэлтэй, хариуцлагатай, шуурхай ажиллаж, аливаа хэрэг маргаанд ялсан, ялагдсан тал гэхээс илүүтэй хүүхдийн дээд ашиг сонирхол, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нэн тэргүүнд тавих ёстойг тэмдэглэв.


Үүний дараа Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд энэхүү сургалтын хөтөлбөр нь үндэсний хэмжээнд тогтвортой чадавх бүрдүүлэх зорилготой олон сарын нягт бэлтгэл ажлын үр дүн болохыг онцлоод, Шүүхийн академийн Сургалтын хөтөлбөрийн хороогоор баталгаажсан хөтөлбөрийн хүрээнд 20 шүүгч-сургагч багшийг бэлтгэсэн бөгөөд цаашид эрүүгийн болон иргэний хэргийн 200 гаруй шүүгч гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай мэргэшсэн мэдлэг, практик ур чадвараа бэхжүүлэх боломж бүрдэж байна гэлээ.


Мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Канад Улс жендэрийн тэгш байдал, хүний эрхийг дэмжих өргөн хүрээний амлалтынхаа хүрээнд энэхүү ажлыг дэмжиж байгаа бөгөөд хүн бүр, ялангуяа эмэгтэйчүүд, охид хүчирхийллээс ангид амьдрах эрхтэйг онцоллоо. Тэрбээр хохирогч, даван туулагчдын аюулгүй байдал, нэр төр, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн шүүхийн хандлага нь илүү хүртээмжтэй, үр нөлөөтэй шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг хэлсэн юм.

Дөрвөн өдөр үргэлжлэх сургалтын хүрээнд гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, гэрлэлтийн харилцаа, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх үүрэг, үрчлэлт, асран хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо зэрэг сэдвийг судална.
Түүнчлэн нөхөн сэргээх зүй ёсны үзэл баримтлал, өсвөр насны хүний нийгэм, сэтгэл зүйн хөгжлийн онцлог, өсвөр насны хүнд холбогдох хэргийн олон улсын сайн туршлага, эрүүгийн хариуцлага болон албадлагын арга хэмжээ, жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил, гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог зэрэг асуудлыг хэлэлцэх юм.


 
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ