Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь сургалт өндөрлөлөө
2026-10-02 Админ Хандсан тоо: 96 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи БНСУ-ын Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэн (JRTI)-тэй хамтран "Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь (2025-2027)" сэдэвт сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA)-ын санхүүжилтээр хэрэгжиж буй уг сургалт нь талуудын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаар онцлогтой. Сургалтын хүрээнд Монгол Улсын цахим шүүхийн өнөөгийн түвшин, бодит байдалтай танилцаж, цаашид хөгжүүлэх боломжуудыг тодорхойлохыг зорьжээ. Мөн БНСУ-ын шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, шүүгчийн сургалт, судалгаа, цахим шүүх хурал болон цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар туршлага хуваалцаж, хоёр орны шүүгчид санал бодлоо нээлттэй солилцлоо.

БНСУ-д  3500 орчим шүүгч ажилладаг ба жил бүр 100-150 шүүгч шинээр томилогддог байна. Эдгээр шүүгчдэд зориулсан насан туршийн сургалтын хөтөлбөрөөс гадна шинээр томилогдсон шүүгчдийг шүүх хуралд бэлтгэх процессын сургалтыг тогтмол явуулдаг аж. Мөн Солонгос улсын шүүгчид хууль тайлбарлах, логик шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхээс гадна хиймэл оюун ухаан, олон улсын гүйлгээ, дижитал хөрөнгө зэрэг шинэ төрлийн маргааныг шийдвэрлэх мэргэжлийн мэдлэгээ тасралтгүй дээшлүүлдэг гэв. Үүнээс гадна тус улсын эрүүгийн шүүхийн систем, байгууллагын бүтэц, мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хурлын тогтолцоо болон прокурорын үйл ажиллагааны ижил ба ялгаатай талыг харьцуулан дэлгэрэнгүй танилцуулав.

Тус улс нь 1996 оноос эхлэн цахим шүүхийн тогтолцоог нэвтрүүлсэн туршлагатай ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цахим шүүхийн систем, шүүхийн шийдвэр бичих аргачлал, хэрэг хайлт болон хуваарилалтын системийн талаар мэдээлэл өгөв. Мөн иргэд нь шүүхэд заавал очих шаардлагагүйгээр хаанаас ч хэрэгт холбогдох баримт бичгийг гаргаж өгөх, танилцах бүрэн боломжтой бөгөөд шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглаж буй зэрэг өөрийн орны шүүхийн үйл ажиллагааны талаар бодит туршлага, мэдээллээ нээлттэй танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулан, харилцан туршлага мэдлэгээ хуваалцлаа.

Түүнчлэн БНСУ-аас хүрэлцэн ирсэн шүүгч, мэргэжилтнүүд хоёр орны шүүхийн байгууллагын хамтын ажиллагаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн сацуу Монгол Улсын Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон БНСУ-ын Шүүхийн сургалт, судалгааны хүрээлэн олон улсын сургалтыг өргөжүүлэн, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх замаар шүүхийн тогтолцоог сайжруулахад бэлэн байгаагаа талууд онцоллоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ