ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шүүгч нарт зориулсан анхан шатны зайн сургалтын дүгнэх уулзалт боллоо
2026-09-11 Админ Хандсан тоо: 113 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (ДОӨБ) Шүүхийн хүрээлэнтэй хамтран шүүгчдэд зориулсан "Оюуны өмчийн анхан шатны мэдлэг олгох" гурав дахь удаагийн сургалт 2026 оны 05-р сарын 18-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулагдаж, өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлт уулзалт хийснээр өндөрлөлөө.
Уг сургалтын чиглүүлэгч багшаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор (Ph.D) Д.Эрдэнэчимэг ажилласан ба дүгнэлтийн уулзалтаар үндсэн 8 модулийн хүрээнд шүүгчдийн мэдлэгийг бататган, сонирхсон асуултад хариулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтын үндсэн сэдвүүд:
- Модуль 1: Оюуны өмчийн эрхийн тухай
- Модуль 2: Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх
- Модуль 3: Барааны тэмдэг
- Модуль 4: Патент
- Модуль 5: Газар зүйн заалт
- Модуль 6: Худалдааны нууц (далд мэдээлэл)
- Модуль 7: Бүтээгдэхүүний загвар
- Модуль 8: Оюуны өмчийн бусад сэдвүүд
Найман долоо хоног үргэлжилсэн тус зайн сургалтад 2024 онд 63, 2025 онд 20 шүүгч хамрагдаж гэрчилгээ авч байсан бол энэ удаад 24 шүүгч шалгалтад хамрагдлаа. Шалгалтад тэнцсэн шүүгчдэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрчилгээ батламж олгох юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ