ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХИЙДЛИЙГ АРИЛГАХГҮЙГЭЭР НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БОЛНО
2026-07-29 Админ Хандсан тоо: 76 Хуваалцах
Мэдээлэл гаргагчдын тайлбар: “Төрийн албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа хангагдаагүй байхад Улсын Их Хурлаас 62 дугаар тогтоол гаргаж, нөхөн сонгуулийг зарлан иргэний төрийн байгууллагад сонгогдох эрх төрийн байгууллагын буруугаас зөрчигдөхөд хүргэж, улмаар төрийн албанд ажилласны төлөө нэрээ дэвшүүлэх эрхийг хязгаарлаж байгаа нь улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх бус харин эсрэгээрээ Үндсэн хуулийн үндсэн зарчмыг үгүйсгэсэн Үндсэн хуулийн зөрчил юм”.
Иймд Сонгуулийн тухай хуулиар дээр дурдсан төрийн албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа бүрэн хангагдаагүй байхад баталсан Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.
Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбар: Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасан "сонгуулийн жил" гэдэгт дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгох бөгөөд "сонгууль явуулах тухайн жил" гэсэн ойлголтыг агуулаагүй байгаа тул төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагад заасан хугацаа нь Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхэд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл “... Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 2018 оны 62 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд төрийн албан хаагчдын сонгуульд нэр дэвших харилцаатай холбоотой аливаа зохицуулалт байхгүй болно”.
“Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 62 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй” гэжээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.