"Олон улсын зуны семинар 2026"-д илтгэл тавилаа
2026-07-24 Админ Хандсан тоо: 279 Хуваалцах

БНСУ-ын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн дэргэдэх Олон улсын оюуны өмчийн эрх зүйн судалгааны төвд зочин судлаачаар ажиллаж буй Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Олон улсын зуны семинар 2026” арга хэмжээнд оролцож, “Монгол Улс дахь оюуны өмчийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт илтгэл тавилаа.
 
Тус семинарт олон улсын шүүгч, судлаачид оролцож, арга хэмжээний эхний салбар хуралдаанд Европын Нэгдсэн патентын шүүхийн Даргалагч шүүгч, профессор Петер Точтерманн оролцож, "Европын Нэгдсэн патентын шүүхийн сүүлийн үеийн хөгжил: Жишиг шийдвэрүүд, гол асуудлууд болон практик чиг хандлага" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн БНСУ, АНУ, Сингапур улсын олон улсын шүүгч, зочин судлаачид оюуны өмчийн маргааныг хянан шийдвэрлэх олон улсын туршлага, практикийг хуваалцсан юм.


 
Дараагийн салбар хуралдаанд доктор Д.Эрдэнэчимэг тавьсан илтгэлдээ Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгэгдсэн барааны тэмдэг 100,000 давсан бол патент, ашигтай загвар 11,000 орчим байгааг онцолж, энэхүү зөрүү нь шүүхээр хянагдаж буй маргааны дийлэнх хувийг барааны тэмдгийн зөрчил эзлэхэд шууд нөлөөлдгийг тайлбарлав. Мөн оюуны өмчийн хохирол үнэлэх нэгдсэн аргачлалгүйгээс иргэний шүүхээс бодит нөхөн төлбөр авахад хүндрэлтэй байдаг практик бэрхшээлийг хөндлөө.

Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд цаашид Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон БНСУ-ын Оюуны өмчийн шүүхтэй хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн ажиллахаа илэрхийллээ.
 
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ