“Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүлийн 2026 оны II улирлын шинэ дугаар хэвлэгдлээ
2026-07-09 Админ Хандсан тоо: 142 Хуваалцах

Шүүхийн академиас улирал тутам эрхлэн гаргадаг “Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүлийн 2026 оны II улирлын шинэ дугаар (№116) хэвлэгдэн гарлаа.

Энэ удаагийн дугаарт:

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа – “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр: Дагалдах металл” (Шүүхийн практик)
  • Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш О.Өрнүүнбилэг – “Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх механизмын үр ашиг” (Эрх зүйн эдийн засгийн онолын шинжилгээ)
  • Шүүхийн академийн Иргэний эрх зүйн секторын эрхлэгч Д.Бямба-Од, судлаач О.Анхбаяр – “Хүүхдийн асрамж, эцэг, эхийн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой харьцуулсан судалгаа, тренд ба энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал”
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Х.Золзаяа – “Цахим худалдаанд хэрэглэгчийн буцаалт хийх эрх (Widerrufsrecht): Австри Улс (Европын Холбооны эрх зүй) ба Монгол Улсын харьцуулалт”
  • Шүүхийн академийн Захиргааны эрх зүйн секторын судлаач Л.Жавхлант – “Арилжааны эрх зүй дэх итгэлийг хамгаалах зарчим ба тусгайлсан зохицуулалт бүхий хуулийн этгээд (БЭБХЭ)-ийн чиг үүргийн харилцан хамаарал”
  • Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш М.Ванчигмаа – Гэрлэлтийн гэрээнд тавигдах шалгуур, шаардлага ба гадаадын зарим улсын туршлага
  • Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн магистрант Ц.Энхтуул-“Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба эдгэрүүлэх зүй ёсны зарчим (Therapeutic Justice): Мэргэжилтний процессын статусыг тодорхойлох нь”
  • Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Т.Анужин, Э.Жавзмаа – “Гэр бүлийн эрх зүйн харилцаа, түүний зохицуулалтыг боловсронгуй болгох нь” (Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн өргөн мэдүүлсэн төслийн шүүмж)
  • Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Б.Оюунтунгалаг – “Гэрлэлт цуцлахтай холбоотой хүүхдийн асрамжийг тогтоох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” эрдэм шинжилгээний бүтээлүүд нийтлэгджээ.

Түүнчлэн Шүүхийн академийн “Клауд (Cloud) сервер үйлчилгээний гэрээтэй холбоотой судалгаа”, “Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн бүтэц: Эрүүгийн хэрэг” сэдэвт судалгааны бүтээлүүдийг нийтэлсэн байна.

Мөн Улсын дээд шүүхээс “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Иргэний хэргийн шүүхэд шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-д өгсөн санал зэргийг энэхүү дугаарт багтаажээ.

Сэтгүүлийг хэвлэмэл байдлаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас, цахим хэлбэрээр www.jtrii.mnlegaldata.mn-ээс хүлээн авч уншина уу.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ