ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
2026-07-03 Админ Хандсан тоо: 18 Хуваалцах

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэж болох иргэний гэм хорын асуудлыг гэмт хэрэгт тооцсон нь нийгэмд нэгэнт тогтсон ойлголт уу, эсхүл зохиомол бий болгосон ойлголт уу гэдгээс үл хамааран аливаа хэлбэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний агуулгыг үндэсний эрх зүйн тогтолцоонд явцуу, хязгаарлагдмал байдлаар авч үзэх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнд тодорхойлсон иргэний үндсэн эрхийг хязгаарлаж болох зохих суурь стандартад нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээний зохицуулалтаас үзэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхүүд нь хүний үндсэн эрх болохын зэрэгцээ аливаа хүн уг эрхээ эдлэхдээ бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, хөндөж болохгүй, мөн энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор тэрхүү эрхэд тодорхой хязгаарлалт тавьж болохоор байна. Монгол Улс итгэл үнэмшилтэй байх хүний салшгүй эрхэд хууль гарган хязгаарлалт тогтоогоогүй, харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дээр зарим хязгаарлалтыг хуулиар тогтоосон байна. Хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөндөхгүйгээр, хүний нэр төр, эрхэмсэг оршихуйг хамгаалж, эдгээр эрхүүдийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг үгүйсгэхгүй бөгөөд хууль санаачлах эрх бүхий субъектүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг санаачлан уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.