ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
2026-06-29 Админ Хандсан тоо: 391 Хуваалцах
Төв аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Монголын хуульчдын холбоо, Төв аймгийн шүүх болон тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.
Хурлыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг удирдсан бол Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн “Төрийн албан хаагчид холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт үндсэн илтгэлийг танилцууллаа. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батчимэг, П.Соёл-Эрдэнэ нар хэлэлцүүлэгт оролцож, төрийн албан хаагчидтай холбоотой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал болон холбогдох сэдвүүдээр санал, байр сууриа илэрхийлэн, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас 2026 онд шүүх байгуулагдсаны 100 жилийн ой нь тохиож буй орон нутгийн 6 шүүхтэй хамтран олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, сургалтын дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнд:
Ховд аймаг: “Авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал
Завхан аймаг: “Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал
Сэлэнгэ аймаг: “Байгаль орчныг хамгаалж буй эрх зүйн орчин, түүний үр нөлөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
Хэнтий аймаг: “Хүний үндсэн эрх, хүүхдийн эрх ба үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт
Архангай аймаг: “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зүйл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал
Төв аймаг: Шүүх байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан "Шилдэг илтгэл" шалгаруулах уралдаан болон “Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг тус тус хамтран зохион байгуулав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ