ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтад Шүүхийн академийн судлаач оролцов
2026-06-08 Админ Хандсан тоо: 194 Хуваалцах
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын дэргэдэх ОУ-ын сургалтын төв (ITCILO)-өөс 2026 оны 05 дугаар сарын 11-нээс 29-ний хооронд зохион байгуулсан “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ-International Labour Standards Academy” сэдэвт сургалтад Шүүхийн академийн Иргэний эрх зүйн секторын судлаач Г.Амаржаргал хамрагдлаа.
Сургалт нь Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний (ILS) үйл ажиллагааг дагаж мөрдөх чадавхыг бэхжүүлэх, тэдгээрт холбогдох стандарт тогтоох, соёрхон батлах, хяналт тавих журмуудад бүрэн дүүрэн оролцох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Иргэний эрх зүйн секторын судлаач Г.Амаржаргал хэлэхдээ “Энэхүү сургалтад хамрагдсан нь иргэний эрх зүйн судлаач миний хувьд онолын мэдлэгээ олон улсын эрх зүйн түвшинд өргөжүүлэх, хөдөлмөрийн эрх зүйн олон улсын зохицуулалт болон түүний хэрэгжилтийн механизмыг гүнзгий ойлгох чухал боломж боллоо. Сургалтын хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO) конвенц, зөвлөмж боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих болон гомдол, төлөөллийн ажиллагааны тогтолцоог судалснаар үндэсний хууль тогтоомжийг олон улсын стандарттай харьцуулан шинжлэх арга зүйн чадвараа дээшлүүлсэн. Түүнчлэн эвлэлдэн нэгдэх эрх, хамтын хэлэлцээ, албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг хүний эрхийн суурь асуудлуудыг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хүрээнд судалсан нь иргэний болон хөдөлмөрийн эрх зүйн харилцан хамаарлыг илүү өргөн хүрээнд ойлгоход дэмжлэг болсон. Мөн олон улсын эрх зүйн эх сурвалжийг ашиглан харьцуулсан эрх зүйн судалгаа хийх, хууль тогтоомжийн шинэчлэлд дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах ур чадвар нэмэгдлээ. Мөн олон улсын байгууллага, төрийн байгууллага, ажил олгогч болон ажилтны байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцож, олон улсын сайн туршлагаас суралцах боломж бүрдэхэд чухал ач холбогдолтой боллоо” гэв.
Мөн “Олон улсын хөдөлмөрийн конвенц, протокол, зөвлөмжийг батлах, түүнд гишүүн улс нэгдэн орох, хэрэгжүүлэх процедур”, “Эвлэлдэн нэгдэх эрх ба хамтын хэлэлцээр”, “Албадан хөдөлмөр”, “Хүүхдийн хөдөлмөр”, “Хөдөлмөр эрхлэлт болон мэргэжлийн тэгш боломж, хандлага”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Гурван талт зөвлөлдөх уулзалт”, “Стандартын хяналтын механизм”, “Эдийн засаг дахь зохистой хөдөлмөр” зэрэг олон талт сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ бататган, суралцсан байна.
Энэхүү сургалт нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний үе шат болох 05 дугаар сарын 11-нээс 22-ны өдрүүдэд цахим хэлбэрээр, хоёр дахь үе шат болох 05 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Италийн Турин хотод танхимын хэлбэрээр тус тус явагдлаа.
Энэ удаагийн сургалтад нийт 24 улсын 60 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд сургалт нь англи болон франц хэлээр явагдсан юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ