ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, БНСУ-ын Дээд шүүхийн номын сан хооронд эрх зүйн ном, материал солилцох хэлэлцээр байгууллаа
2026-05-28 Админ Хандсан тоо: 137 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Дээд шүүхийн Номын сан хоорондын эрх зүйн ном, материал солилцох хэлэлцээрийг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгууллаа.
Энэхүү хэлэлцээр нь байгууллага хооронд эрх зүйн мэдлэг, мэдээлэл солилцох, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, улмаар хоёр улсын шүүхийн байгууллагын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилготой юм.
Уг хэлэлцээрт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Дээд шүүхийн Номын сангийн дарга Мүн Жү Хён нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Хэлэлцээрийн хүрээнд талууд эрх зүйн ном, материалыг жил бүр харилцан бие биедээ хандивлаж байхаар тогтсон бөгөөд эдгээр эх сурвалжийг тухайн улсын шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч, шүүгчийн туслах, судлаач болон бусад хэрэглэгчдэд нээлттэй, хялбар ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллахаар харилцан тохиролцлоо.
Хэлэлцээр байгуулах үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг "Шүүхийн академийн номын сан нь Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, судлаачдад үйлчилдэг мэргэшсэн сан хөмрөг болохыг онцлоод, "2026 оноос номын сангийн үйл ажиллагааг цахимжуулах, сан хөмрөгөө гадаад хэл дээрх сурах бичиг, материалаар баяжуулахад илүүтэй анхаарч байна. Энэхүү зорилтын хүрээнд БНСУ-ын дээд шүүхийн номын сантай хамтын ажиллагаа эхлүүлж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил боллоо" хэмээн тэмдэглэлээ.
Мөн БНСУ-ын шүүхийн байгууллагын баялаг туршлага, судалгааны материал болон англи, солонгос хэл дээрх эрх зүйн эх сурвалжууд нь Монголын шүүгч, судлаачдын судалгааны ажилд өндөр ач холбогдол өгч, шүүхийн судалгаа, мэдээллийн хүртээмжийг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ