ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Оюуны өмчид хамаарах хэрэг хянан шийдвэрлэх асуудлаарх шүүгчдэд зориулсан сургалт эхэллээ
2026-05-20 Админ Хандсан тоо: 105 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага хамтран "Оюуны өмчид хамаарах хэрэг хянан шийдвэрлэх асуудал" сэдэвт шүүгчдэд зориулсан ахисан шатны сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгч Ц.Цогт болон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Шүүхийн хүрээлэнгийн захирал Мин Ин-Жү нар нээж, үг хэллээ.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт хэлсэн үгэндээ "Манай улсад оюуны өмчийн маргаан харьцангуй цөөн хянан шийдвэрлэгддэг боловч Олон улсын конвенцод нэгдэн орсон орны хувьд хэрэг, маргаан бүрийг олон улсын жишигт нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай. Иймд шүүгчдийн тасралтгүй суралцах, мэргэших хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа юм. Энэхүү сургалтад хамрагдаж буй шүүгчдээс цаашид оюуны өмчийн маргааны чиглэлээр нарийн мэргэшсэн, чадварлаг шүүгчид бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо.

ДОӨБ-ын Шүүхийн хүрээлэнгийн захирал Мин Ин-Жү "Технологи, брэнд, мэдээлэл, өгөгдөл зэрэг биет бус хөрөнгө нь орчин үеийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоод буй энэ үед оюуны өмчийн маргааныг шударга, зөв шийдвэрлэх асуудал шүүх эрх мэдлийн байгууллагын өмнө онцгой ач холбогдолтойгоор тавигдаж байна. Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч буй нь үндэсний эдийн засгийг бүс нутаг болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх сургалтаар Монгол Улс дахь оюуны өмчийн маргааны шүүн таслах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ барааны тэмдэг болон зохиогчийн эрхийн маргааныг дижитал зах зээл, цахим орчинд хянан шийдвэрлэх олон улсын арга зүй, практикийг судалж байна. Мөн барааны тэмдэг, зохиогчийн эрхийн хэрэг дэх иргэний болон эрүүгийн эрх зүйн хамгаалалтын арга хэрэгсэл, хохирол нөхөн төлүүлэх практикт тулгуурласан сургалтуудыг багтааснаараа онцлогтой.







Сургалтыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг, А.Сарангэрэл, Оюуны өмчийн газрын Патентын ахлах шинжээч Б.Одгэрэл, БНСУ-ын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн тэргүүлэх шүүгч Ким Ён-Ги, БНХАУ-ын Бээжин хотын Ардын дээд шүүхийн Иргэний хэргийн гуравдугаар хэлтсийн тэргүүлэх шүүгч Юй Хуйбинь нар удирдан явуулж байна.
Сургалтад ДОӨБ-ын анхан шатны сургалтад хамрагдсан, оюуны өмчийн чиглэлээр мэргэшиж буй бүх шатны шүүхийн 28 шүүгч оролцож байна.





МЭДЭЭЛЛИЙН ТӨВ