Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шүүгч нарт зориулсан анхан шатны зайн сургалт эхэллээ
2026-05-18 Админ Хандсан тоо: 135 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Шүүхийн хүрээлэнтэй хамтран шүүгч нарт зориулсан Оюуны өмчийн анхан шатны мэдлэг олгох гуравдах удаагийн зайн сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Тус сургалтад 2024 онд 63 шүүгч, 2025 онд 20 шүүгч хамрагдан гэрчилгээ авсан бол 2026 оны хувьд 67 шүүгч хамрагдаж байна.

Сургалт найман долоо хоног үргэлжлэх бөгөөд дараах 8 модуль хичээлийг шүүгч нар судална. Үүнд:

  • Модуль 1: Оюуны өмчийн эрхийн тухай
  • Модуль 2: Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх
  • Модуль 3: Барааны тэмдэг
  • Модуль 4: Патент
  • Модуль 5: Газар зүйн заалт
  • Модуль 6: Худалдааны нууц (далд мэдээлэл)
  • Модуль 7: Бүтээгдэхүүний загвар
  • Модуль 8: Оюуны өмчийн бусад сэдвүүд багтдаг байна.

Энэхүү сургалт нь цахим хэлбэрээр зайнаас явагддаг онцлогтой бөгөөд сургалтын чиглүүлэгч /тютер/ багшаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг ажиллаж байна.

Сургалтыг нээж тэрээр хэлсэн үгэндээ анхан шатны сургалтад амжилттай хамрагдсанаар ДОӨБ-аас шүүгчдэд зориулсан олон төрлийн арга хэмжээ, сургалтад хамрагдах боломж бүрддэгийг онцлон тэмдэглэлээ. Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд энэ сургалтад хамрагдсан шүүгч нараас сонгон  харилцан туршлага судлах, БНСУ-ын Оюуны өмчийн судалгааны хүрээлэнд  3 хүртэл сарын хугацаагаар судлаач шүүгчээр  ажиллуулах боломжийг бүрдүүлээд байна гэсэн юм.  

Дэлхийн оюуны өмчийн ахисан шатны сургалт энэ сарын 20, 21-ний өдрүүдэд танхимаар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн байранд явагдана.



                                                                                                  МЭДЭЭЛЛИЙН ТӨВ