ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025–2030) хоёр дахь шатны төслийн удирдах хорооны хоёрдугаар хурал боллоо
2026-05-15 Админ Хандсан тоо: 163 Хуваалцах
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн Удирдах хорооны хоёрдугаар хурал 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болж, төслийн хэрэгжилтийн явц, эхний жилийн үр дүн болон хоёр дахь жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хурлыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр нар нээж, төслийн ач холбогдол, хамтын ажиллагааны талаар үг хэлэв.
Хурлын даргалагч, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллаж буйг онцоллоо. Мөн төрийн байгууллага, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа төслийн үр дүнд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Үүний дараа хурлыг хамтран даргалагч Канад Улсын Гадаад хэргийн яамны Монгол болон Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файссал удирдах хорооны анхдугаар хурлын тэмдэглэл болон хэлэлцэх асуудлыг баталж, Удирдах хорооны шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Илтгэлийн эхэнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа нар төслийн эхний шатны хэрэгжилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулсан сургалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, уулзалт зэрэг шат дараатай ажлуудыг танилцуулсан юм.

Энэ үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг төслийн хүрээнд Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбоотой хэд хэдэн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцлов.
Тэрээр 2025 оны 6 дугаар сард “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсны дараа гэр бүл, хүүхдийн хэргийн чиглэлээр шүүгч-сургагч багш бэлтгэх 40 цагийн сургалтыг зохион байгуулж, 13 шүүгч-сургагч багшийг бэлтгэсэн талаар мэдээлэв.
Мөн эдгээр шүүгч-сургагч багш нар цаашид 250 шүүгч, 55 захиргааны ажилтанд мэдлэг, мэдээлэл түгээн ажиллахыг дурдлаа.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн төслийн талаар танилцуулга хийв.

Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж буй нь хүүхэд болон нийгмийн эмзэг бүлгийн дуу хоолойг сонсож, хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй чухал алхам гэдгийг онцоллоо. Мөн энэ тогтолцоо дан ганц шүүхийн хүчин чармайлтаар бус, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжинэ гэдгийг хэлсэн юм.

Мөн хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог шүүхтэй илүү нягт уялдуулах, орон нутагт хүртээмжтэй байдлаар хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь цаашдын гол зорилт болохыг дурдсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу Канад Улсын Гэр бүлийн хэргийн дагнасан шүүхийн сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах боломж, бодлогын зөвлөмжийн талаар санал солилцлоо.

Харин Иргэний нийгмийн байгууллагын хамтын хүч түншлэл НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Аюуш иргэний нийгмийн байгууллагуудын форум болон олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан сургалт, семинарын үр дүнгийн талаар танилцуулсны дараа, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Төслийн зохицуулагч С.Агьзул төслийн хоёр дахь жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, оролцогчид цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Канад Улсын Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Хуульчдын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл багтаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ