Шүүгч-судлаач нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онол, практикийн асуудлаар дотоод сургалт зохион байгууллаа
2026-05-12 Админ Хандсан тоо: 111 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академид 2026 онд шүүгч-судлаачаар ажиллаж буй шүүгч нар тус Академийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит практиктай танилцуулах зорилгоор 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дотоод сургалт зохион байгууллаа.


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог’’ сэдвийн хүрээнд нэхэмжлэл гаргах эрх, процессын эрхээр тэгш хангах, хууль хэрэглэх тухай болон урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа тэр дундаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, тус шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн практик, онцлох маргаан” сэдвээр шүүхээс хянан шийдвэрлэсэн хоёр тохиолдлын хүрээнд шүүхийн практикийн талаар илтгэл хэлэлцүүлж, өөрийн мэдлэг туршлагаа хуваалцав.


Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл “Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг ЭХТА-ийн 25.3 дугаар зүйл” сэдвээр соёлын биет өвийн тухай ерөнхий ойлголт, эрх зүйн зохицуулалт олон улсад хэрхэн зохицуулагддаг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн дотоодын эрх зүйн зохицуулалт зэргийг жишээ баримтаар тайлбарлав.


Сургалтын төгсгөлд албан хаагчид шүүгч-судлаач нараас шүүхийн практикт тулгардаг ээдрээтэй асуудлууд болон хууль хэрэглээний зөрүүтэй байдлын талаар сонирхсон асуултдаа хариулт авч мэдлэг туршлагаа хуваалцлаа. Сургалтад Шүүхийн академийн нийт албан хаагчид хамрагдлаа.

                                                                                                   МЭДЭЭЛЛИЙН ТӨВ