ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Шүүхэд хандах эрхийн нээлттэй байдлын зарчим /pro actione/ нь шинээр эрх олгосон хэм хэмжээг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй
2026-05-08 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2026.04.08-ны өдрийн 2026/ХШТ/28 дугаар тогтоол (хэсэгчлэн авав)
Шүүхийн шийдвэрийн тойм: №82 /ЭХТ-26/, 2026.05.08
Төлөв: Хүчинтэй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч А нь 2015 оноос 2019 оныг хүртэл удаа дараагийн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч Э-ийн хүсэл зоригоос гадуур бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 14,383,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд хандан анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацааг зөрчсөн тул холбогдох хэсгийг хүчингүй болгуулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хяналтын шатны шүүх хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг баталгаажуулсан “Pro actione” /эрхийн нээлттэй байх/ болон эрх зүйн суурь зарчим болох “Lex retro non agit” /хуулийг буцаан хэрэглэхгүй байх/ зарчмын харилцан хамаарал, тэдгээрийн хэрэглээний хязгаарыг эрх зүйн онол, олон улсын гэрээнд зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрх нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан түгээмэл эрх билээ.
Энэхүү эрхийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь процессын эрх зүйд баримталдаг “Pro actione” зарчим бөгөөд шүүх процессын хэм хэмжээг хэрэглэхдээ иргэний маргааны жинхэнэ агуулга, дотоод мөн чанарыг бус техникийн шинжтэй алдааг залруулах боломж олгох, иргэний шүүхэд хандах эрхийг аль болох хангах байдлаар хэргийг шийдвэрлэхийг шаарддаг.
Харин материаллаг эрх зүйн хүрээнд тус зарчим нь процессын хуулийн эргэлзээтэй хэм хэмжээ болон гэрээний заалтыг тайлбарлах, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо иргэний субъектив шаардах эрхийг хүчин төгөлдөр хадгалж үлдэх зорилгоор хэрэглэгддэг онолын үзэл баримтлал юм.
Өөрөөр хэлбэл, энэ нь шүүхэд мэдүүлэх эрхийн нээлттэй байх зарчим буюу хэт хэлбэр хөөх, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн жижиг алдаа, хугацааны техникийн шинжтэй зөрчлөөс шалтгаалж иргэний шүүхийн хамгаалалт авах эрхээс нь шууд татгалзаж болохгүй гэсэн агуулгыг илэрхийлдэг.
Уг зарчмын дагуу нэгэнт хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх процессыг зөвтгөн засдаг болохоос биш, урьд өмнө байгаагүй цоо шинэ материаллаг эрхийг шүүхийн шийдвэрээр хүлээн зөвшөөрөх, нөгөө талд хууль заагаагүй төлбөрийн үүрэг үүсгэх эрх зүйн чадамжгүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж хоёрдмол утгагүйгээр зохицуулан заасан.
Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Иргэний хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулах цоо шинэ материаллаг эрх зүйн институтийг хуульчилсан ба эдгээр эрх зүйн хэм хэмжээг хэрэгжиж эхлэх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр онцгойлон зааж, уг хуулийн цаг хугацааны үйлчлэлийг хатуу тогтоосон байна.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх процессын уян хатан байдлыг шаарддаг “Pro actione” зарчмыг материаллаг хуулийн цаг хугацааны үйлчлэлтэй андуурч хэрэглэн, хохирогчийн эрх нэрийн дор Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй байх суурь зарчмыг ноцтой зөрчсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ /илтгэгч/