ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
НӨХӨРЛӨЛИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ӨӨРЧЛӨЛТ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЭХ ХҮРТЭЛ ӨМНӨХ УДИРДЛАГЫН БАЙГУУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙНА
2026-05-28 Админ Хандсан тоо: 14 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2026/00014 магадлал.
Тоймын дугаар, огноо: №01, 2026.05.28.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Хэргийн агуулга: Нэхэмжлэгч Т нарын таван иргэн “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч байгууллагын шинээр томилогдсон дарга нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Өмнөх дарга А нь нөхөрлөлийн хурлаар ажлаасаа чөлөөлөгдсөн байхдаа буюу төлөөлөх эрхгүй этгээд байх хугацаандаа эдгээр иргэдийг ажилд авсан тул хөдөлмөрийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус” гэж марган, сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлагыг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ: Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас өмнөх дарга А-г чөлөөлөх шийдвэр гаргасан хэдий ч шинээр томилогдсон дарга Н-ийг улсын бүртгэлд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор бүртгэсэн байна. Хуульд зааснаар энэ хугацаа хүртэл А нь нөхөрлөлийг төлөөлөх бүрэн эрхтэй байсан бөгөөд түүний байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдийг хууль ёсны бус гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч байгууллага ажилтнуудыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг баримтлаагүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах журмыг зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч нарын дунд бага насны хүүхэдтэй эхчүүд байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхийг хориглосон хамгаалалтад хамаарч байжээ.
Шийдэл: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим техникийн алдааг (нэхэмжлэгч М-ыг ажлаас чөлөөлсөн А/31 тушаалыг тогтоох хэсэгт орхигдуулсан) залруулан нэмэлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Магадлалыг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/36461?daterange=2026-01-01%20-%202026-05-28&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек.