ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭЭЛЖИЙН АМРАЛТАА БИЕЭР ЭДЭЛЖ ЧАДААГҮЙ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИАР ЗОХИЦУУЛСАН БАЙНА ГЭЖ ҮЗЭВ
2026-05-27 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122/ШШ2026/0001 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар: 02
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид урамшууллыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу тооцож олгосон нь буруу” гэх үндэслэлээр илүү олгосон ээлжийн амралтын цалин урамшууллыг төрийн захиргааны албан хаагч “Т”-ээр төлүүлэхээр акт тогтоосон байна.
“Т”-ээс уг актыг эс зөвшөөрч “... Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж авах үндэслэлтэй ...” гэх агуулгаар уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, төрийн захиргааны албан хаагч “Т” нь ажлын зайлшгүй шаардлагаар 2024 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй, мөн сумын Засаг даргын хууль тогтоомжийн дагуу цалин хөлс тооцуулан амрахгүй байх боломжтой эсэх саналыг зөвшөөрснөөр түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлж олгосон байна.
Анхан шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулахаар, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.9-т ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох;” гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд төрийн захиргааны албан хаагч тул ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биечлэн эдэлж чадаагүйн улмаас түүнд олгох урамшууллын асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байна. Тиймээс санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/19850?daterange=2025-01-01%20-%202026-05-27&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул