“Гэр бүл, хүүхдийн хэргийн чиглэлийн шүүгч-сургагч багш бэлтгэх” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2026-05-08 Админ Хандсан тоо: 120 Хуваалцах

Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) хамтран Гэр бүл, хүүхдийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхэд ажиллах, мөн энэ төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг бэлтгэх зорилгоор 2026 оны 5 дугаар сарын 4–8-ны өдрүүдэд “Гэр бүл, хүүхдийн хэргийн чиглэлийн шүүгч-сургагч багш бэлтгэх” сургалтыг амжилттай зохион байгууллаа.


Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд нар таван өдрийн турш үргэлжилсэн сургалтын үр дүн, ач холбогдлыг дүгнэн онцолж, сургалтад амжилттай хамрагдсан оролцогч нарт гэрчилгээ гардууллаа.


Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Б.Батцэрэн, Ц.Оч, Х.Эрдэнэсувд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Боловсрол судлалын доктор У.Туяа нар дараах сэдвүүдийн хүрээнд удирдан явуулсан юм. Үүнд:

  • Насанд хүрэгчдийн суралцахуй ба сургалтын арга зүй
  • Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр, дизайн
  • Сургалтын идэвхтэй арга
  • Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, онцлог
  • Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, түүнд гүйцэтгэх гэр бүлийн шүүхийн үүрэг оролцоо: Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын туршлага, өнөөгийн байдал
  • Жендер, жендерт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл
  • Шүүгчээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, гэрч, хохирогчтой ажиллах арга барил
  • Гэмт хэргийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх онцлог
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргагчид шийтгэл оногдуулах, гэмт хэрэг үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, ял оногдуулах ажиллагааны онцлог
  • Өсвөр насны хүний нийгэм, сэтгэл зүйн хөгжлийн онцлог, өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, олон улсын болон үндэсний эрх зүйн тогтолцоо
  • Гадаадын зарим улс оронд өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын онцлог, сайн туршлага
  • Гэрлэлтийн харилцаа /гэрлэлтийг хүчингүйд тооцох, гэрлэлт дуусгавар болгох, гэрлэлт цуцлалт ба түүний үр дагавар/
  • Эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа /эцэг тогтоох, хүүхдийн асрамж тогтоох/
  • Асран хамгаалал, харгалзан дэмжигч тогтоох харилцаа
  • Эцэг, эхийн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг, хүүхдийн тэтгэлэг
  • Үрчлэлтийн харилцаа
  • Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах ердийн болон тусгай журам, өсвөр насны хүнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарах асуудал
  • Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, хойшлуулах журмыг хэрэглэх, өсвөр насны хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахад анхаарах асуудал
  • ГБХХША-ны урьдчилсан арга хэмжээ, биелэлт
  • ГБХХША-нд нөхцөл байдлын шинжээчийн оролцоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа
  • ГБ-ийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог
  • Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх гэр бүлийн холбогдолтой хэрэг.

Сургалтад Гэр бүл, хүүхдийн хэргийн чиглэлийн 13 шүүгч-сургагч багш оролцлоо.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ