ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Гэр бүл, хүүхдийн хэргийн чиглэлийн шүүгч-сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2026-05-04 Админ Хандсан тоо: 213 Хуваалцах
Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) хамтран Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хүрээнд Гэр бүл, хүүхдийн хэргийн чиглэлийн шүүгч-сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 4–8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг нээж Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа хэлсэн үгэндээ, 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсад 24 жилийн дараа шинээр байгуулагдаж буй хоёр дахь дагнасан шүүх бөгөөд энэ нь түүхэн үйл явдал юм. Өмнө нь гэр бүл, хүүхдийн холбогдолтой хэргийг иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар авч ирсэн бол өнөөдөр энэ асуудлыг хүний эрхийг сэргээх, улс орны хөгжлийн суурь ач холбогдол бүхий цоо шинэ өнцгөөс авч үзэх шаардлага бий болж байна. Энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг олгох төдийгүй шүүхийн шинэ тогтолцооны суурийг бэхжүүлж, шүүгчдийг нэг ойлголт, нэг үнэт зүйлд нэгтгэх онцгой ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ийн суурин төлөөлөгч Чарльз Болланд хэлсэн үгэндээ, сургагч багш бэлтгэх энэхүү сургалтад хамрагдсан шүүгчид цаашид үндэсний хэмжээнд 250 шүүгч, 55 шүүхийн захиргааны ажилтанд мэдлэг, арга зүй түгээх замаар сургалтын тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэлээ.

Мөн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг сургалтын ач холбогдол, онцлогийн талаар танилцуулж, сургалтад оролцож буй шүүгч нарт амжилт хүслээ.

Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Б.Батцэрэн, Ц.Оч, Х.Эрдэнэсувд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Боловсрол судлалын доктор У.Туяа нар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хороогоор батлагдсан дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд удирдан явуулж байна. Үүнд:
• Насанд хүрэгчдийн суралцахуй ба сургалтын арга зүй
• Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах асуудал
• Гэр бүлийн хүчирхийлэл болон өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа: зарчим, хандлага, анхаарах асуудлууд
• Гэр бүлийн эрх зүй (гэрлэлт цуцлалт, асрамж, хүүхдийн тэтгэлэг, үрчлэлт).
Сургалтад нийт 13 шүүгч хамрагдаж байна.



МЭДЭЭЛЛИЙН ТӨВ