Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүллээ
2026-05-04 Админ Хандсан тоо: 167 Хуваалцах

Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын төвд бодит дэмжлэг болгон сургалтын зориулалттай сандал, ширээг хүлээлгэн өглөө.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас үзүүлж буй энэхүү дэмжлэг нь сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, үр дүнтэй суралцах орчныг бүрдүүлэх, оролцогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтыг илүү үр өгөөжтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) болон “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025–2030) төслүүдийн хэрэгжилтийн хугацаанд сургалтын анги, танхимаар ханган ажиллахаа илэрхийлж, эрхийн бичиг гардууллаа.

Талууд “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү хамтын ажиллагааны дагуу 2026 оны 2 дугаар сарын 3–6-ны өдрүүдэд нийт шүүхийн Ерөнхий шүүгч болон олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгуулж, төлөвлөгөөт ажлуудаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ