ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүгчдийн сургалт, шүүгч-судлаач харилцан солилцох хөтөлбөрөөр өргөжив
2026-04-21 Админ Хандсан тоо: 105 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Шүүхийн академийн хамтын ажиллагааны хүрээнд шүүгчдийн туршлага судлах ээлжит сургалт 2026 оны 04 дүгээр сарын 6-наас 9-ний өдрүүдэд Истанбул хотноо зохион байгуулагдлаа.
Сургалтыг Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, БНТУ-ын Шүүхийн академийн Сургалт хариуцсан газрын захирал Хасан Кадир Йылмазтекин нар нээн үг хэлж, хоёр улсын Шүүхийн академийн харилцаа зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй шүүгч – судлаач солилцооны хөтөлбөрөөр өргөжин, нэг шат ахисныг онцоллоо.
Энэхүү сургалт нь шүүгчдийн сонгон судлах, кредиттэй сургалт бөгөөд сэдвийн хувьд шинэлэг, тэргүүлэх ач холбогдол өндөр байдгаараа онцлог. Тухайлбал энэ удаагийн сургалт кибер гэмт хэрэг, цахим нотлох баримтыг цуглуулах, шинжлэх арга зүй болон криптовалют ашиглан үйлдсэн залилан, хулгайн гэмт хэргийг хянан шийдвэрлэх онцлог, иргэний эрх зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах дагнасан шүүхийн тогтолцоо, шударга бус өрсөлдөөн болон орчин үеийн харьцуулсан эрх зүйн хөгжлийн сэдвүүдээр явагдлаа.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн асуудлыг хөндөж, олон улсын гэрээ конвенцын хэрэгжилт, мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналт болон Европын Хүний эрхийн шүүхийн практикт нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар БНТУ-ын Кассацын шүүх, Давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй туршлага хуваалцав.
Сургалтад анхан болон давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүхийн нийт 22 шүүгч хамрагдаж, БНТУ-ын шүүх засаглал, төрөлжсөн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ