Өсвөр үеийнхэнд эрх зүйн боловсрол олгох сургалт Хэнтий аймагт зохион байгуулагдлаа
2026-04-20 Админ Хандсан тоо: 99 Хуваалцах

Хэнтий аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын анхан шатны шүүх болон холбогдох байгууллагууд хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Хүний үндсэн эрх, хүүхдийн эрх ба үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод амжилттай зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний дунд үе тэнгийн дээрэлхэлт болон гэмт хэргийн шинжтэй зөрчил нэмэгдэх хандлага ажиглагдаж буйтай холбогдуулан хүүхэд, залуучуудад эрх зүйн мэдлэг, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор уг сургалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэв.

Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батзориг, Ц.Оч, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатархүү, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан, шүүгч Б.Уранзаяа, А.Энхбаатар, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа нар удирдан явуулсан юм.

Сургалт нь хүний болон хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, хууль зүйн хариуцлагыг таниулах агуулгаар зохион байгуулагдаж, Хэнтий аймгийн Чингис хотын ерөнхий боловсролын таван сургуулийн 600 гаруй сурагч оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ