Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд Шүүхийн академийн үйл ажиллагаатай танилцлаа
2026-04-16 Админ Хандсан тоо: 74 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи оюутан залууст шүүхийн үйл ажиллагааг таниулах, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутнуудыг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүх болон Шүүхийн Академийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Оюутнууд Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны шууд дамжуулалтын үйл явц, ач холбогдол болон шүүх хурлын танхимын зохион байгуулалт, оролцогчдын баримтлах дэг журмын талаар бодит мэдээлэл авсан юм. Мөн тус шүүхийн мэдээлэл лавлагааны үндсэн чиг үүрэг болоод номын сан, шүүхийн түүхийг өгүүлэх үзмэрийн танхимаар зочиллоо.

Арга хэмжээний үеэр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа “Шүүгчийн мэргэжлийн онцлог” сэдвээр туршлагаасаа хуваалцав.  Түүнчлэн Шүүхийн академийн Эрүүгийн эрх зүйн секторын эрхлэгч Э.Баасанбямба “Монгол Улсын шүүхийн тогтолцоо”, Үндсэн хууль, олон улсын эрх зүйн судлаач Э.Номинсогоо “Хиймэл оюун ухааны эрин үед арилжааны нууц мэдээллийг хамгаалах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгөв.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ