ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
2026-04-16 Админ Хандсан тоо: 124 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас улирал тутам эрхлэн гаргадаг “Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүлийн 2026 оны нэгдүгээр улирлын шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
Сэтгүүлийн 115 дахь дугаарт хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид, шүүгч, өмгөөлөгчдийн эрдэм шинжилгээний бүтээлүүд, судалгааны тайлан, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ болон Улсын дээд шүүхээс хуулийн төсөлд өгөх санал зэрэг онол, практикийн өндөр ач холбогдол бүхий агуулгыг багтаасан дараах бүтээлүүд нийтлэгдлээ. Үүнд:
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах З.Маргадын ᠌᠌”Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтын хэрэгжилт: Газрын эрх зүйн маргааны жишээн дээр’’
- Хуульч, Өмгөөлөгч Б.Ариунтэс ᠌᠌”Итгэмжлэл олгосон мэт тооцох тохиолдол: БНСУ-тай харьцуулах нь”
- Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академийн Захиргааны эрх зүйн секторын судлаач Л.Энхсайхан, ”Монгол улсын захиргааны эрх зүй дэх сонгох боломж (administrative discretion)-ийн онолын ойлголт”
- Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Р.Пүрэвбаатар, ”Арилжааны эрх зүй дэх гэрээ дуусгавар болсны дараах ажилтны үл өрсөлдөх үүргийн талаар эргэцүүлэх нь: Монгол улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00707 дугаар тогтоол ба арилжааны хуулийн төсөл”
- Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр ”Гадаадын зарим улсын шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, дижитал технологийг хэрэглэж буй нөхцөл байдал”
- Улсын дээд шүүхийн хэргийн хөдөлгөөн, мэдээлэл, судалгааны хэлтсийн судлаач Б.Алтангэрэл “Төрлөөр устгах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь”
- “Ganzorig Consulting” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг, Америкийн Нэгдсэн Улсын Хавай муж дахь дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Деррик Ватсон нарын ”Үндсэн хуульд заасан хүний халдашгүй эрхийг хангах талаарх монгол улс, АНУ-ын шүүхийн ажиллагаа”
- Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академийн Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн секторын эрхлэгч Э.Эрхбилгүүн ”Япон улсын иргэний процессын эрх зүй дэх урьдчилсан хэлэлцүүлгийн хөгжил ба сайн туршлага”
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн худалдан авалт хариуцсан менежер М.Нямсүрэн ”Монгол улсын татварын хөнгөлөлтийн бодлогын эрх зүйн шинэчлэлийн асуудал”
- “Эко Пак Монгол” ХХК-ийн маркетингийн менежер Х.Ариунтунгалаг ”Татварын бодлого, зохицуулалтын алдаа ба ЖДҮ-ийн дампуурал” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд багтжээ.
Мөн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн “Нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх:харьцуулсан судалгаа”, “Яллах дүгнэлтийн үндэслэл бүхий байдалд хийсэн бичил судалгаа” сэдэвт судалгааны тайлангууд, Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим болон Банкны зээлийн өр үүсгэн худалдан авсан дундын өмчийн орон сууцыг гэрлэлт цуцлах үед хуваарилах асуудалтай холбоотой шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээнүүдийг унших боломжтой. Түүнчлэн тус дугаарт Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, ᠋Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд Улсын дээд шүүхээс өгсөн саналууд багтсан болно.
Сэтгүүлийг хэвлэмэл байдлаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас, цахим хэлбэрээр www.jtrii.mn, legaldata.mn-ээс хүлээн авч уншина уу.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ