“ПРОКУРОР, ОРОЛЦОГЧИЙН ГАРГАСАН САНАЛЫГ ХАРГАЛЗАН ШҮҮХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТОД НИЙЦҮҮЛЭН ШҮҮГДЭГЧИД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛНО” ГЭСЭН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2026-04-15 Админ Хандсан тоо: 297 Хуваалцах

МАРГААНЫ ТУХАЙ ТОВЧ

Мэдээлэл гаргагчийн тайлбар: Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл, журам, хугацааг хуульд тодорхой тусгаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 12, 13 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалт нь шүүгдэгчийг хугацаагүй, үндэслэлгүйгээр хорих боломжийг шүүхэд олгож байна. Энэ нь Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх, гэм буруугүйд тооцох зарчим, хүний эрхийг хамгаалах төрийн үүргийг зөрчиж байна. Хяналтын шатны шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад би цагдан хоригдсон бөгөөд Давж заалдах шатны шүүхэд хорих шийдвэрийн үндэслэлээ тайлбарлаагүй гэж гомдол гаргахад “шүүхийн эрх хэмжээний асуудал” гэж тайлбарласан. Иймд маргаан бүхий зохицуулалтууд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбар: Олон улсын эрх зүйн баримт бичгүүд, тухайлбал НҮБ-ын зарчим болон Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактад баривчлагдсан, цагдан хоригдсон “хүн бүр” ижил хамгаалалт эдлэх ёстой бөгөөд энэ нь дотоодын хууль дахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэх ялгаатай нэршлээс үл хамааран үйлчлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэг нь шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурор болон оролцогчийн саналыг үндэслэн шүүх хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан тул энэ нь шүүхэд хугацаагүй, дур мэдэн хорих эрх олгосон гэж үзэх үндэслэлгүй. Тус хууль болон холбогдох бусад хуулиудад шүүхийн шат бүрд хэрэг шийдвэрлэх хугацаа, яллагдагчийг цагдан хорих үндсэн болон сунгах хугацаа, мөн суллах нөхцөлийг тодорхой зохицуулсан тул цагдан хорих хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй гэж үзэх үндэслэл байхгүй. Түүнчлэн практикт “дараагийн шүүх хурал хүртэл” гэх мэт хуульд заагаагүй хугацаа хэрэглэж буй нь хууль хэрэглээний алдаа бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил гэхээс илүү хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай асуудал байна. 

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.