ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд шүүгч-сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ
2026-04-14 Админ Хандсан тоо: 125 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Канад Улсын Шүүхийн үндэсний хүрээлэнтэй хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хүрээнд шүүгч-сургагч багш нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалтыг өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эхлүүллээ.

Энэхүү сургалтыг Ерөнхий шүүгчийн манлайллыг бэхжүүлэх, Гэр бүл, хүүхдийн хэргийн чиглэлээр шүүгч-сургагч багш нарыг бэлтгэх, цаашид энэ төрлийн сургалтыг шат дараатай, үр дүнтэй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтыг Канад Улсын Нью-Брансвик болон Бритиш Колумбиа мужийн Дээд шүүхийн шүүгчид, Канад Улсын Шүүхийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа юм.


Сургалтын үйл ажиллагааг нээж Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа хэлсэн үгэндээ: “Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэхэд ерөнхий шүүгч нарын манлайлах үүрэг юу юунаас илүү чухал бөгөөд онцгой байр суурь эзэлнэ. 2024 оноос эхлэн бэлтгэж, зорьсон энэхүү сургалт өнөөдөр бодит биеллээ олж, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэх сургалтаар ийнхүү эхэлж байгаад туйлаас баяртай байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсруулахад идэвхтэй ажилласан ажлын хэсгийн гишүүн шүүгчид болон энэхүү санаачилгыг анхнаас нь дэмжиж, хамтран хэрэгжүүлж буй Шүүхийн академийн хамт олон, Канад Улсын шүүх байгууллагын төлөөлөл, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн хамт олонд онцгойлон талархал илэрхийлье” хэмээв.

Үргэлжлүүлэн Канад Улсын Бритиш Колумбиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн Шүүхийн сургалтын тэргүүн Том Крабтри: “Шүүх засаглалд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал асуудал. Бид энэхүү итгэлийг бэхжүүлэхийн тулд шүүхийн боловсролоор дамжуулан шүүгчдийн мэдлэг, чадварыг тасралтгүй чадавхжуулахыг нэн тэргүүнд чухалчилж байна. Энэхүү хоёр өдрийн сургалт нь зөвхөн хичээл заах бус, талууд харилцан санал бодлоо солилцсон, идэвхтэй оролцоонд суурилсан арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Бидний зүгээс Монгол Улсын шүүгчдийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг судалж, харилцан нэгнээсээ суралцах өргөн боломж байна” гэв.

Эхний өдрийн хөтөлбөрт “Шүүхийн боловсрол нь шүүхийн хараат бус байдлын суурь болох нь”, “Шүүхийн сургалтын заах арга зүй”, “Дижитал нөөц эх сурвалжууд” зэрэг сэдвээр Канад Улсын Нью-Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Бритиш Колумбиа мужийн Дээд шүүхийн шүүгч Том Крабтри, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн Олон улсын боловсрол хариуцсан захирал Памела Трипп, зөвлөх Флоренс Ла Шарите-Харбек нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үүний араас Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг шүүгч нарт зориулсан сургалтын цахим платформыг танилцууллаа.

Сургалтын төгсгөлд оролцогчид олж авсан мэдлэг, мэдээллээ хэрхэн практикт нэвтрүүлэх, сургалтын арга зүйн талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн дараа Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг болон шүүгч Том Крабтри нар семинарын эхний өдрийн үр дүнг нэгтгэн дүгнэж, нийт шүүгч-сургагч багш нарт амжилт хүсэн арга хэмжээ өндөрлөв.


Уг сургалтад нийт 13 шүүгч-сургагч багш хамрагдаж байгаа бөгөөд:
- Ерөнхий шүүгчийн манлайллын сургалтад: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов;
- Гэр бүл, хүүхдийн хэргийн чиглэлээр шүүгч-сургагч багш бэлтгэх сургалтад: Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг, Б.Батцэрэн, Ц.Оч, Х.Эрдэнэсувд, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг болон Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул нар хамрагдаж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ