“Шүүгчийн сэтгэл зүй ба танин мэдэхүйн хөгжлийг дэмжих” сэдэвт сургалт боллоо
2026-04-03 Админ Хандсан тоо: 95 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Монголын Шүүгчдийн холбоо болон Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шүүгч-сургагч багш нарт зориулсан “Шүүгчийн сэтгэл зүй ба танин мэдэхүйн хөгжлийг дэмжих” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Энхбаяр, Шихихутуг их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ш.Доржханд болон тус тэнхимийн багш, магистр Д.Пүрэвсүрэн, А.Тайванжаргал нар удирдан явуулав. Сургалтын хөтөлбөрт эерэг сэтгэл зүйг төлөвшүүлэх, ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх, сэтгэлийн хатаа хөгжүүлэх зэрэг сэдвүүд багтсанаас гадна худал мэдүүлэг болон хуурмаг дурсамжийг ялган таних сэдвүүд багтсан юм.

Тус мэргэшүүлэх сургалтад Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Б.Адьяасүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Г.Нямсүрэн, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ болон Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа нар хамрагдлаа.

Энэхүү сургалт нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлогт тохирсон сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, сургагч багш нарын арга зүйг гүнзгийрүүлэх ач холбогдолтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ