ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО
2022-04-21 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах

 

    Хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзоригийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэг /шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах/-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийг хамруулах сургалтын шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

      Гурван сарын хугацаанд үргэлжлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, уг сургалтыг зохион байгуулахын тулд Шүүхийн сахилгын хорооны хуралдааны шийдвэрт дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор үүсэж байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны гомдол хянан шийдвэрлэсэн байдал (сахилгын хэрэг үүсгэсэн, сахилгын шийтгэл ногдуулсан, гомдлыг хянан шийдвэрлэсэн байдал)-д дүн шинжилгээ хийх судалгааг хоёр байгууллага хамтран хийхээр тохиролцлоо. Уулзалтад шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Шүүхийн сахилгын хорооны мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Айбек, хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт Ш.Одгэрэл нар оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ