МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Нагояагийн Их Сургуулийн хамтарсан  эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
2026-03-20 Админ Хандсан тоо: 74 Хуваалцах

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Хууль зүйн сургууль хоорондын  хамтын ажиллагааны 25 жил, Монгол дахь Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан "Нийтийн болон хувийн эрх зүйн тулгамдсан асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчид болон хоёр орны эрдэмтэн, судлаачид оролцож, эрх зүйн шинэчлэл, олон улсын туршлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

"Нийтийн эрх зүй" салбар хуралдааны үеэр Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт Нагояагийн Их Сургуулийн профессор Ичихаши Кацүяагийн “Япон Улсад захиргааны шийдвэр гаргах эрхэд шүүхийн хяналт тавих гурван арга ба материаллаг хяналтын аргууд” сэдэвт илтгэлд үндсэн шүүмжлэгчээр ажиллав. Шүүгч Ц.Цогт захиргааны эрх зүйн хэрэглээ, тэр дундаа захиргааны байгууллагын үзэмжээр гаргасан шийдвэрт шүүхээс хяналт тавих онолын арга зүйг Монгол Улсын шүүхийн практиктай харьцуулан, дүгнэлт, саналыг танилцуулсан юм.

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Сүхчулуун "Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль дахь захиргааны үйл ажиллагааны зарчим: Пропорциональ байх зарчмыг онцлох нь" сэдэвт илтгэл танилцуулж шүүмжлэгчээр Шүүхийн академийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн ажиллаж, пропорциональ байх зарчмыг Үндсэн хуулийн цэц болон захиргааны хэргийн шүүхээс хэрхэн ойлгож, хэрэглэж буй талаар Япон болон Монгол Улсын жишээн дээр тайлбарлаж, өөрийн саналаа  дэвшүүлэв.

Хурлын төгсгөлд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа болон Нагояагийн Их Сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн (CALE) захирал Мураками Масако нар үг хэлж, хоёр сургуулийн хамтын ажиллагаа зөвхөн түншлэлээр хязгаарлагдахгүй, ирээдүйн хамтын өсөлтөд чиглэж буйг онцлов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ