ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БНСУ-ын шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
2026-03-18 Админ Хандсан тоо: 187 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын Чонжу хотын орон нутгийн шүүхийн захиргааны ажилтан Ким Юн Гагтай уулзлаа.
2026 онд Хэнтий, Сэлэнгэ, Ховд, Завхан, Архангай, Төв аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Улсын дээд шүүх эдгээр аймгийн шүүхүүдтэй эрдэм шинжилгээний хурал, сургалт, шилдэг илтгэлийн уралдаан зэргийг хамтран зохион байгуулах юм.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 6 дугаар сард БНСУ-ын шүүгч нартай хамтран Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
БНСУ-ын Чонжу хотын орон нутгийн шүүхийн захиргааны ажилтан Ким Юн Га болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан бөгөөд талууд хурлын бэлтгэл зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн Архангай, Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг сонгон дэмжлэг үзүүлэхээр болж цахим уулзалт хийлээ. Хоёр орны шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнууд ЕБС-ийн сурагчдад зориулан хандивын арга хэмжээ, сайн дурын ажил хамтран зохион байгуулна.
Уулзалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал нар оролцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ