Анхан шатны шүүхийн шинэ шүүгчдийг мэргэшүүлэх сургалт эхэллээ
2026-03-16 Админ Хандсан тоо: 139 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалт хууль тайлбарлан хэрэглэх онол, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр гаргах арга техник, шүүх хуралдаанд бэлтгэх, даргалах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлага, маргаан шийдвэрлэх бусад хэлбэрүүд, хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг өргөн хүрээний сэдвүүдээр явагдаж байна.
Мөн шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага, ёс зүй, ажлын зохион байгуулалт, шүүхийн сайн сайхан байдлын талаарх хувь хүний хэмжүүр болоод шүүгчийн стресс зэрэг сэдвийн хүрээнд сургагч багш нар өөрийн туршлага, мэдлэг, мэдээллээ хуваалцах юм. Эхний өдрийн сургалтыг

  • Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт “Шүүхийн эрх зүй” сэдвээр,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна  "Шүүхийн практик судлал", 
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга ”Шүүгчийн нийгмийн мэдрэмж" сэдвээр тус тус орж, шүүн таслах ажиллагааны явцад тулгардаг бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар туршлагаас хуваалцлаа. 

Сургалтад анхан шатны шүүхэд шинээр томилогдсон нийт 27 шүүгч хамрагдаж байна.

 

                                                                                                  МЭДЭЭЛЛИЙН ТӨВ