ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа
2026-02-06 Админ Хандсан тоо: 102 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нь Европын Холбооны санхүүжилттэйгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) болон Twinning төсөлтэй хамтран “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) төслийн хүрээнд “Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сэдэвт сургалтыг 2026 оны 2 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгууллаа.


Сургалтад ХБНГУ-ын Шлесвиг-Холштэйн мужийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн бөгөөд Лүбек хотын анхан шатны шүүхийн шүүгч, Танхимын дарга Др.Марк Петит, мөн ХБНГУ-ын Мюнхен хотын Дээд мужийн шүүхийн шүүгч, Мэдээллийн албаны дарга Др.Лоран Лафлёр нар хүрэлцэн ирж, шүүх хэвлэл мэдээлэлтэй хамтран ажилладаг туршлага болон шүүх сошиал медиаг хэрхэн ашигладаг талаарх туршлага хуваалцсан юм.

Сургалтыг Шүүхийн академийн Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, доктор, профессор Л.Ариун, Монголын хэвлэлийн хүрээлэн багш, доктор Ц.Оюунтунгалаг, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлзүй ТББ-ын тэргүүн, сэтгүүлч О.Ариунбилэг, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сургагч багш Ц.Чимэддондог, Чөлөөт сэтгүүлч Б.Батцэнгэл нар дараах сэдвүүдийн хүрээнд удирдан явууллаа.
Үүнд:
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа чиг хандлага ерөнхий ойлголт
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид шүүхээс юу хүсэж байна вэ?
Шүүх байгууллагын эрэлт хэрэгцээ, шийдвэр гаргах арга зүй
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн үр дүнтэй харилцаа бий болгох вэ? Редакцыг хэрхэн сонгох вэ?
Шүүхийн шийдвэрийн тойм түүнийг энгийн болгох нь
Хэвлэлийн мэдээ бичих,ярилцлага өгөх арга зүй

Мөн сургалтын үеэр Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт “Шүүгч-Хэвлэлийн төлөөлөгч” загварыг нэвтрүүлэх талаар санал дэвшүүлсэн юм. Харин Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Дөлгөөн “Шүүгч-хэвлэлийн төлөөлөгч” загвараар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах удирдамжийн төслийг танилцуулав.

Сургалтад нийт шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүхийн байгууллагын олон нийттэй харилцах чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 100 гаруй оролцогч хамрагдаж, батламж гардан авлаа.





МЭДЭЭЛЛИЙН ТӨВ