ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн академи Япон Улсын Хууль зүйн яамны Судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо
2026-02-04 Админ Хандсан тоо: 105 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн нар Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Хироюки Ито, Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Рю Хигүчи, Хууль зүйн яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн Ерөнхий асуудал, төлөвлөлтийн газрын Олон улсын харилцааны хэлтсийн олон улсын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Шого Такахаши, “Taisho law firm”-ийн өмгөөлөгч Ока Хидэо нарыг 2026 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Япон улсын Хууль зүйн яамны Судалгаа, сургалтын хүрээлэн нь олон улсад техник, хууль зүйн туслалцаа, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, хуулийн төсөл, хяналтын систем боловсруулахад оролцдог бөгөөд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаадын улс орнуудтай хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцох хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг байгууллага юм.

Уулзалтаар талууд Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбоотойгоор Япон улсын гэр бүлийн шүүхийн сайн туршлага судлах, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн гэр бүлийн шүүхийн шүүгчдэд зориулсан мэргэшсэн сургалтын хөтөлбөр, сургалт, судалгаанд суурилсан хамтарсан төсөл, цаашид урт хугацааны хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг Монгол улсад шинээр Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаатай холбоотойгоор тус шүүхэд шинээр томилогдон ажиллах шүүгч нарын цогц сургалтын асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн шүүгчдийг мэргэшүүлэх, гэр бүлийн маргааныг хүний эрх, хүүхэд төвтэй эвлэрэлд суурилсан байдлаар шийдвэрлэх хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Хироюки Ито, Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Рю Хигүчи нар Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн асуудлаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-той хамтран энэ оны 6 дугаар сард Япон улсад туршлага судлах сургалт зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа тухай танилцуулж, мөн тус сургалтын үеэр гэр бүлийн шүүхийн шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулдаг талаар танилцуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ