“Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сургалт эхэллээ
2026-02-03 Админ Хандсан тоо: 141 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нь Европын Холбооны санхүүжилттэйгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) болон Twinning төсөлтэй хамтран “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) төслийн хүрээнд “Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Уг сургалт нь 2026 оны 2 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд нийт шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Сургалтын нээлтэд Европын холбооноос МУ-д суугаа төлөөлөгчийн газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хамтын ажиллагааны газрын дарга Адриен, Мүрг Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хосолмол (Твиннинг) түншлэлийн төслийн суурин зөвлөх Кристоф Копекци нар оролцож байна.

Энэ үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг “Шүүхийн академийн үндсэн чиг үүргийн нэг нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд оршдог. Энэ удаагийн сургалт нь шүүх байгууллагын ил тод байдал, хэвлэл мэдээлэлтэй харилцах тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд  ХБНГУ-аас туршлагатай шүүгч экспертүүдийг урьж, олон улсын сайн туршлагыг хуваалцахад бодит дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй Европын холбоо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) болон Twinning төслийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Сургалтыг ХБНГУ-ын Шлесвиг-Холштэйн мужийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн бөгөөд Лүбек хотын анхан шатны шүүхийн шүүгч, Танхимын дарга Др. Марк Петит, мөн ХБНГУ-ын Мюнхен хотын Дээд мужийн шүүхийн Мэдээллийн албаны дарга Др. Лоран Лафлёр нар удирдан явуулж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ