“Доктор-шүүгч” хоёр дахь удаагийн мэдлэг хуваалцах чөлөөт уулзалт боллоо
2026-01-23 Админ Хандсан тоо: 141 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас санаачлан хэрэгжүүлж буй “ДОКТОР-ШҮҮГЧ” мэдлэг хуваалцах чөлөөт уулзалтад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, доктор (Ph.D) Нямдоржийн Одонтуул уригдан, “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” докторын судалгааны ажлаа танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.


Судалгааны ажлын удирдагч багшаар, Хууль зүйн доктор, дэд профессор, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд ажилласан бөгөөд энэхүү сэдвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа иж бүрэн судалсан, шүүхийн практик, эмчлүүлэгчийн хувийн байдал, энэхүү харилцааг зохицуулж байгаа холбогдох хуулийн хэм хэмжээ, гадаад орны туршлагыг харьцуулан судалж үнэтэй саналууд дэвшүүлсэн. Судлаач Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 114 тохиолдлоос 101 тохиолдлыг судалж дүгнэлтээ гаргасан нь энэхүү судалгааны ажлын чанар чансааг харуулж байна гэдгийг онцоллоо.


Энэхүү судалгааны ажлын шүүмжлэгчээр Шүүхийн академи ажилласан бөгөөд Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн “Доктор Н.Одонтуулын судалгааны ажил нь Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалтын талаар манай улсын Эрх зүйн шинжлэх ухаанд хууль зүйн докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн хэмжээнд хийсэн анхны дагнасан судалгаа гээд, энэхүү бүтээл нь боловсролын докторын зэрэг горилсон бүтээлд тавигдах шаардлага, шалгуурыг бүрэн хангасан, зохих түвшинд хийгдсэн” хэмээн тэмдэглэлээ.


Доктор (Ph.D) Н.Одонтуул Монгол Улсын хүн амын дундах сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл, тархац өмнөх 30 жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зарчим, эрүүгийн хариуцлагын нийтлэг асуудалтай уялдуулан судлаагүй, онолын хувьд шинжлэх ухааны үндэслэл бүхий хариулт өгөх шаардлага байгаа гэж үзжээ. Монгол Улсын хувьд эрх зүйн зохицуулалт оновчтой бус, мансуурах болон согтуурах донтой хүмүүст ял оногдуулахын зэрэгцээ энэ төрлийн арга хэмжээг огт хэрэглэдэггүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. 
Мөн хэрэг хариуцах чадварыг тогтоох нэгдсэн стандарт, шинжлэх ухааны үндэслэл бүхий нэр томьёо дутмаг, СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн байр, техник технологи, хүний нөөцийг бодлогын түвшинд шинэчлэх, сэтгэцийн эрүүл мэндийн цогц хөтөлбөр баталж, нийгэм, хамт олонд түшиглэсэн эмчилгээ, үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, “Албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ”-г илүү сайжруулах шаардлагатай зэрэг өөрийн дэвшүүлсэн санал, дүгнэлтээ танилцуулав.


 “ДОКТОР-ШҮҮГЧ” мэдлэг хуваалцах хоёр дахь удаагийн чөлөөт уулзалтад, Улсын дээд шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон бусад шүүхийн шүүгчид, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, зэрэг байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцлоо.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ