“ДОКТОР-ШҮҮГЧ” МЭДЛЭГ ХУВААЛЦАХ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-16 Админ Хандсан тоо: 107 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас санаачлан, шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлж буй нийт шүүгчдээс Хууль зүйн шинжлэх ухааны салбарт докторын зэрэг хамгаалсан шүүгч нарын судалгааны ажлын үр дүнг, олон нийтэд түгээх зорилгоор “ДОКТОР-ШҮҮГЧ” мэдлэг хуваалцах чөлөөт уулзалтыг цувралаар зохион байгуулж эхэллээ.

Эхний уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болж, зочноор Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор (Ph.D) гавьяат хуульч, Чагдаагийн Хосбаяр оролцон “Авлигын эсрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсын эрүүгийн хэргийн шүүхэд хэрэглэх үндсэн асуудал” докторын судалгааны ажлаа танилцууллаа.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг чөлөөт уулзалтыг нээж үг хэлэхдээ, шүүгч хүн цаг наргүй ажлынхаа хажуугаар судалгааны ажил хийх нь өндөр сахилга бат, нөр их хөдөлмөр шаарддагийг онцлоод, Академийн зүгээс шүүгчээр ажиллах хугацаандаа докторын зэрэг хамгаалсан шүүгч нарын эрдмийн ажлыг цувралаар хүргэх болсноо илэрхийллээ.

Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор (Ph.D) Ч.Хосбаяр докторын судалгааны ажлын хүрээнд Авлигын эсрэг Олон улсын конвенцыг тайлбарлан хэрэглэж, хэрэг маргааныг шийдэж буй 20 орчим улсын 420 гаруй шүүхийн шийдвэрийг судлан, дүн шинжилгээ хийжээ. Манай улсад олон улсын авлигын эрх зүйн орчноос зөрүүтэй хууль тогтоомжийн тогтолцоо бүрдсэнээс болж, авлигын гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа төдийгүй, эдгээр гэрээнүүдийг зөвхөн хэл зүйн талаас орчуулан хэрэглэж байгаа нь эрх зүйн ач холбогдол бүхий зарчим, ойлголтыг зарим байдлаар гээгдүүлснийг тодотгов. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийг Олон Улсын конвенцоос хөрвүүлэхдээ гэмт хэргийн шинжүүдийг давхардуулах, объектив болон субьектив байдлын байрыг сольсноос болоод гэмт хэргийн шинжүүд хоорондоо төстэй болж, аль алинаар нь зүйлчилж буйг анхаарах хэрэгтэй ба  Авлигын эсрэг олон улсын эрх зүйн орчныг зөвхөн эрүүгийн эрх зүйн арга хэмжээгээр биш, сахилгын, иргэний, захиргааны эрх зүйн хүрээнд тэмцэх шаардлагатай ба зарим хууль, тогтоомжуудад оруулах санал, зөвлөмж дэвшүүлснээ танилцууллаа.

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан нар энэхүү судалгааны ажил нь ихээхэн ач холбогдолтой болсныг дурдаад, шүүхийн салбарт төдийгүй бусад салбарын хөгжилд нэмэр оруулахуйц бүтээл болсныг илэрхийллээ.

Мөн энэхүү чөлөөт уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд оролцон  авлигатай тэмцэх, эрх зүйн тогтолцооны талаарх өнөөдрийн бодит байдал, практикт тулгарч буй асуудал авлигын гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар саналаа хэллээ.

Түүнчлэн судалгааны ажлын хүрээнд авсан санал асуулгын дүнгээр шүүгч нарт Олон улсын гэрээг хэрэглэхтэй холбоотой сургалт орох шаардлагатай болох нь харагдсан тул энэ төрлийн сургалтыг оруулахаар Шүүхийн академийн дэргэдэх Сургалтын хөтөлбөрийн хороонд уламжлахаар боллоо.

“ДОКТОР-ШҮҮГЧ” мэдлэг хуваалцах чөлөөт уулзалтад, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нарын төлөөлөл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), хуульч, эрүүгийн эрх зүйн судлаачид, эрх зүйн салбарын төлөөллүүдээс бүрдсэн 50 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.  

Шүүхийн академийн зүгээс Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор (Ph.D) гавьяат хуульч Чагдаагийн Хосбаяр таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.

“Авлигын эсрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсын эрүүгийн хэргийн шүүхэд хэрэглэх үндсэн асуудал” докторын судалгааны ажлыг бүрэн эхээр нь Улсын дээд шүүхийн номын сангаас унших боломжтой.

                                                                                                     МЭДЭЭЛЛИЙН ТӨВ