“Монгол улсын эрх зүйн тогтолцооны төлөвшил ба хууль боловсруулах, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2025-12-11 Админ Хандсан тоо: 76 Хуваалцах

ХБНГУ-ын Ханнс Зайделийн Сан санаачлан, Германы гадаад харилцаан яамны санхүүжилтээр “Хуулийн төсөл боловсруулах чадавх ба эрх зүйн засаглалыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Герман Европийн эрх зүйн төвтэй хамтран 2026 он хүртэл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  “Монгол улсын эрх зүйн тогтолцооны төлөвшил ба хууль боловсруулах, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк нар мэндчилгээ дэвшүүлж, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академийн захирал доктор, дэд профессор Д.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга  Н.Мөнгөнцэцэг болон хууль эрх зүйн салбарын төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл “Үндэсний эрх зүйн тогтолцоог төгөлдөржүүлэх асуудал”, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Я.Жавхлан “Хууль боловсруулах, хэрэгжилтийг төгөлдөржүүлэх бодлого”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг “Эрх зүйн хийдэл: Шийдвэрлэх арга зам”, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академийн захирал доктор, дэд профессор Д.Эрдэнэчимэг “УДШ-ээс хууль тогтоомжийн төсөлд санал уламжлах ажиллагаанд тулгарч буй бэрхшээл”, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат “Хуулийн төсөл боловсруулах, хэрэгжилтийн үйл ажиллагаан дахь хуульчдын оролцоо”, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судалгааны хэлтсийн дарга Э.Дашзэгвэ “Хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийхэд тулгарч буй асуудал, шийдэл”, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач доктор, дэд профессор Б.Батбаяр “Хуулийн зорилго ба Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоол, ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн реферант И.Мөнхбаяр “Хууль боловсруулах үйл ажиллагаан дахь хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоо”, Нээлттэй нийгэм форумын Засаглалын менежер Д.Эрдэнэчимэг “Хууль тогтоомжийн төсөл: Ил тод байдал ба олон нийтийн хэлэлцүүлэг” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулж  хэлэлцүүллээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ