ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн академи шүүгчдийн чадавх бэхжүүлэх сургалтыг “Legal Talent” сургалтын академитай хамтран явуулна
2025-12-09 Админ Хандсан тоо: 116 Хуваалцах
БНХАУ-ын Хонгконгийн тусгай бүсэд 40 гаруй орны төлөөлөл оролцсон “HongKong Legal week 2025” арга хэмжээ 12-р сарын 1-5-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Н.Баярмаа нар оролцлоо.
Долоо хоногийн турш үргэлжилсэн арга хэмжээний эхний хоёр өдөр шүүх эрх мэдлийн салбарт чиглэгдэж “Худалдааны санхүүжилт болон дижитал хөрөнгийг цахимжуулах”, “Цаасгүй худалдааг идэвхжүүлэх-Цахим шилжүүлэх боломжтой бүртгэлийн тухай UNCITRAL загвар хууль”, ”Тээврийн дижитал өөрчлөлт-Хэлэлцэх боломжтой ачааны баримт бичгийн тухай” НҮБ-ын конвенцийн төсөл, “Дижитал эдийн засаг дахь маргаан шийдвэрлэх өнөөгийн чиг хандлага” сэдвүүдээр салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, “Маргаан шийдвэрлэх сүүлийн үеийн чиг хандлага” сэдвээр шүүгчдийн дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан байна.

Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Н.Баярмаа “Монгол Улс БНХАУ-тай гадаад худалдааны өндөр хамааралтай улсын хувьд энэ салбарын үйл ажиллагаа, зөрчил шийдвэрлэх механизм цахимжих нь манай худалдаачдад төдийгүй маргаан шийдвэрлэх процессд ч нөлөөлөх нь илэрхий байгааг энэ үеэр онцолж байлаа.
Мөн энэ үеэр Шүүхийн сургалт,судалгаа,мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Н.Баярмаа нар Хонгконгийн Legal Talent олон улсын сургалтын академийн захирал хатагтай Янг Линтэй уулзаж шүүгчдийн чадавх бэхжүүлэх сургалтыг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ