ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хурал боллоо
2025-12-08 Админ Хандсан тоо: 249 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор Ч.Хосбаяр “Үндсэн хуульд заасан халдашгүй байх иргэний эрхийг хангах, мөрдөн шалгах нууц ажиллагаанд шүүхээс зөвшөөрөл авах хэрэгцээ, шаардлага”, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг “Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал”, “Хуулийн илт тодорхой заалт, түүнийг ноцтой, удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн ойлголт, практик хэрэглээ” зэрэг сургалтын хөтөлбөрийг тус тус танилцуулж, хорооны гишүүдийн 100 хувийн саналтайгаар батлахаар хэлэлцэн дэмжлээ.
Мөн хурлаар “Сургалтын 2025-2027 оны нэгдсэн бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, 2025 онд батлагдсан хөтөлбөрийн хэрэгжилт, Сургалтын хөтөлбөрийн хорооны 2026 оны хуралдааны хуваарийн талаар хэлэлцлээ.
Сургалтын хөтөлбөрийн хороо 2025 онд 15 гишүүнтэйгээр 7 удаа хуралдаж, заавал судлах 11, сонгон судлах 9 хичээлийн нийт 20 хөтөлбөрийг боловсруулан батлуулж, Шүүхийн академи 37 сургалтыг зохион байгуулсан байна. Хурлын төгсгөлд 2026 оны Сургалтын хөтөлбөрийн хорооны хуралдааны хуваарийг баталлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ