ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд үүрэг гүйцэтгэгч гэм буруугүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй
2025-11-25 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Иргэний хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025.03.25 001/ХТ2025/00059
Тоймын дугаар, огноо: №69 /ИХТ21/, 2025.11.24
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч нь 2022 оны 01, 02 сарын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг хугацаа хэтэрч төлсөн учраас түүнтэй байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах, Дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-д зааснаар 2022 оны 1 дүгээр сарын алданги 669,025 төгрөг, 2 дугаар сарын алданги 917,852 төгрөг, нийт 1,586,877 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2022 оны эхэнд Төсвийн тухай хуулиудын шинэчлэлтэй холбоотой 2022 оны 01, 02 дугаар сард зөвхөн цалингийн зардал гарч, 03 дугаар сараас тогтмол зардлууд төлөгдсөн. ...бид санаатай төлбөрийг хоцроогоогүй, төрийн сангаас олгосон төсөвт алданги төлөх мөнгө суугаагүй учраас дулааны зардлыг хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх: “...Хариуцагч нь төрөөс санхүүждэг төсвийн байгууллага, ...2022 оны татварын орлогын төвлөрүүлэлт 01, 02 дугаар саруудад тасарснаар хариуцагч байгууллага халаалтын зардлыг хугацаандаа төлж чадаагүй болох нь баримтаар тогтоогдож байна. ...хариуцагч нь халаалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй явдалд үүрэг гүйцэтгэгч талаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчил нь үйлдэл эс үйлдэхүй, гэм буруу, хор уршиг, шалтгаант холбоог агуулах бөгөөд хариуцагч талын хувьд ...халаалтын зардлаа төлөхгүй байх гэсэн субьектив санаа зорилго байхгүй, халаалтын зардал төсөвт орж ирсэн байхад санаатай зориуд төлөөгүй гэм буруутай үйлдэл байхгүй байна. Иймд гэрээний үүргийн зөрчлийн нэг шинж үгүйсгэгдсэнээр хариуцагчид хариуцлага тооцох үндэслэлгүй...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...талууд гэрээний 6.9-д ...алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалттай нийцжээ. ...төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн талаар зохигч маргаагүй, ...үүний улмаас алданги төлөх үүрэг үүссэн. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь хариуцагч байгууллагын буруугаас болоогүй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. ...талууд гэрээний үүргийг дүгнээд 17,105,637 төгрөгийг хариуцагч байгууллагын зүгээс төлөхөөр тогтож, гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байх ба уг дүнд 1,586,877 төгрөгийн алданги орж тооцогдсон байна. Иймд ...хариуцагч байгууллагыг алданги төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэнэ. ...Дээрхийг нэгтгэвэл, хариуцагчаас алданги 1,586,877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх: “...Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 6.6-д хэрэглэгч буюу хариуцагч байгууллага хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэлийн дагуу тухайн сарын 15-ны дотор урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг тухайн сардаа багтаан төлөх үүрэг хүлээсэн ба 6.9-д хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн дүнд 0.5 хувиар тооцон алданги ногдуулахаар тохиролцжээ.
Алданги төлөх талуудын тохиролцоо Иргэний хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй боловч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хариуцагч гэм буруутай эсэхээс хамааран нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь шийдвэрлэгдэнэ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар тодорхой нөхцөл байдлын улмаас хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд тухайн нөхцөлд хариуцагч гэм буруугүй бол хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул тэрээр хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй.
Хариуцагч нь төсвийн байгууллага тул төсвөөс олгогдсон санхүүжилтийн хүрээнд төлбөрийг төлөх боломжтой ба 2022 оны 01, 02 дугаар сард байгууллагад хэрэглээний зардлын санхүүжилт олгогдоогүйгээс дулааны хэрэглээний төлбөрийг тухайн сард нь төлж чадаагүй, хэрэглээний санхүүжилт орсон 3 дугаар сард дулааны хэрэглээний төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдсон ба нэгэнт санхүүжилт олгогдоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй юм.
Ийнхүү төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, иймээс тэрээр хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үндэслэлгүй тул алданги төлөх үүрэггүй болно.” гэж дүгнээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=45796
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд