ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
2025-11-18 Админ Хандсан тоо: 154 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас улирал тутам эрхлэн гаргадаг “Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүлийн 2025 оны гуравдугаар улирлын шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
Сэтгүүлийн 113 дахь дугаарт, “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдэвт олон улсын бага хурлаар хэлэлцүүлсэн илтгэл болох Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг “Дижитал эрэн үе дэх шүүхийн сургалт: Шүүхийн сургалтад тулгарч буй сорилт”, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цахимжилт ба хэргийн оролцогчийн эрхийг хангах зарим асуудал”, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, шүүгчийн туслах судлаач А.Бодьбилэг “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зарим асуудал”, Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь “Шүүхийн үйл ажиллагаан дахь олон нийтийн мэдэх эрхийг хангахад Монгол Улсаас хэрэгжүүлж ирсэн туршлага”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Хиймэл оюуныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх хүрээ, хязгаар” сэдэвт илтгэлүүд бүрэн эхээрээ багтсан байна.
Мөн эрдэм шинжилгээний бүтээлд:
- Арнхем-Ливардены давж заалдах шатны шүүхийн орлогч, Ахлах шүүгч асан Тижн ван Осч, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг хэзээ тус болохоос илүүтэйгээр бэрхшээл болдог вэ?”
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, “ЗХШХШтХ дахь ‘Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах’ зохицуулалтыг боловсронгуй болгох нь: хүсэлт хэлэлцэх журам ба биелэгдсэн шийдвэрийг цуцлах асуудал”
- Хуульч, судлаач Р.Оюундэлгэр, “Хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шүүхийн оролцоо: шаардлага, үндэслэл”
- Хуульч, судлаач Б.Намсрай, “Хэлцэл ба өмчийн эрх: эдийн засгийн хөгжилд хуулийн үүрэг”
- БНТУ-ын Кожаэли их сургуулийн доктрант, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Досжан, “Эртний Монголчуудын төрийн үүсэл хөгжлийн үйл явц” зэрэг бүтээлүүд багтжээ.
Үүнээс гадна Шүүхийн академийн Судалгааны төвийн судлаачдын Азийн сангийн санхүүжилтээр “Хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ: харьцуулсан судалгаа”, “Прокурорын байгууллага захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн эрх ашгийг хамгаалах хүрээ, хязгаарыг тодорхойлохтой холбоотой шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” зэргийг уншиж танилцах боломжтой.
Сэтгүүлийг хэвлэмэл байдлаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас, цахим хэлбэрээр www.jtrii.mn, legaldata.mn-ээс унших боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ