ТАЛАРХАЛ
2025-11-14 Админ Хандсан тоо: 266 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи 2025 оны Шүүгчийн мэргэшүүлэх сургалтыг 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд таван ээлжээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг 33 шүүгч-сургагч багш удирдан, Эрүү, Иргэн, Захиргааны анхан болон давж заалдах шатны нийт 473 шүүгч хамрагдсанаас Эрүү, Иргэний чиглэлийн сургалтад 382, харин Захиргааны чиглэлийн сургалтад 91 шүүгч хамрагдсан байна.


Шүүгчийн мэргэшүүлэх сургалтад хамгийн олон  цагийн хичээлийг шүүгч-сургагч багш Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, 54 цаг /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа/, Улсын дээд шүүхийн  шүүгч Н.Баярмаа, 48 цаг /Компанийн хууль дахь хувьцаа эзэмшигчийн шаардах эрх/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, 48 цаг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах”, 13.10 дугаар зүйлд заасан “Хувь хүний нууцад халдах” болон 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал/ нар зааж, мэдлэг туршлагаа хуваалцсан байна.


Мөн шүүх, шүүгчийн хэрэгцээ шаардлага болон судалгаанд тулгуурлаж, олон улсын сайн туршлагыг харгалзан, үндэсний эрх зүйн тогтолцооны онцлогт нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүд, Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны танхимын тэргүүн нар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн үйл ажиллагааг тууштай дэмжиж, шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, эрдэм мэдлэг, үнэт цагаа харамгүй зориулж буй шүүгч-сургагч багш болон салбар эрх зүйн эрдэмтэн багш нартаа Шүүхийн академийн хамт олон болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан шүүгчдийн зүгээс гүн талархал илэрхийлье.

ШҮҮХИЙН АКАДЕМИ