ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-т холбогдох хэргийг шүүх шийдвэрлэсэн байдал
2023-09-13 Админ Хандсан тоо: 295 Хуваалцах2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох хэргийг хянаад “ШӨХТГ-ын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн улмаас нэр бүхий 9 банк Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулахгүйгээс гадна ШӨХТГ-ын шийтгэлийн хуудсыг үл биелүүлэх нөхцөл үүсжээ. Иймд дээрх шийдвэрийг ШӨХТГ эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.
2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан “ШӨХТГ-аас арилжааны банкнуудын шимтгэл авч байгааг зөрчил гэж огт дүгнээгүй, харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд буюу тухайн иргэнд зээл олгоход гарч буй бодит зардалтай нь уялдуулан ипотекийн зээлийн шимтгэлийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоогоогүй, ижил хэмжээгээр гэрээнд тусгаж зээлдэгчээр төлүүлж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж ...” шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгуулах даалгавар бичсэн нь үндэслэлтэй...” гэж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий 9 банкны гомдолтой, ШӨХТГ, тус газрын улсын байцаагчид холбогдох маргааныг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны магадлал хүчин төгөлдөр болсон байна.
Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу нэр бүхий 9 банк:
- Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн" зөрчил үйлдсэн тул тус бүр 20 сая төгрөгөөр торгуулах;
- Орон сууцны ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах үр дагавар үүсжээ.
Жич: Тус магадлалаар өмнө ипотекийн зээл авсан иргэдэд 1 хувьд суутгуулсан шимтгэлийг буцаан өгөх талаар шийдвэр гаргаагүй болно.