ОЮУНЫ ӨМЧИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2023-09-11 Админ Хандсан тоо: 446 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д. Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г. Халиунаа нар Монгол Улсад оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийн чиглэлээр сургалт зохион байгуулах сургагч багш нарыг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад АНУ-ын Флорида мужийн Төв дүүргийн шүүхийн шүүгч Виржиниа Ковингтон, Хойд дүүргийн шүүхийн шүүгч Майкл Ж.Франк, АНУ-ын Хууль Зүйн Яамны Оюуны өмч, кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жеймс Юүн, АНУ-ын Патент, Барааны Тэмдгийн Газрын Гадаад харилцаа, бодлогын газрын Хуулийн хэрэгжилтийн хэлтсийн ажилтан Марк Абумери, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нар оролцов.

Уулзалтын эхэнд оюуны өмчийн чиглэлээр хоёр улсын шүүгчид оюуны өмчид хамаарах хэрэг маргаан шийдвэрлэх туршлага солилцох боломжийг олгож, сургалт зохион байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн бөгөөд энэ сарын 13-ны өдөр зохион байгуулагдах уламжлалт “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтын зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэж, хоёр улсын оюуны өмчийн хэрэг маргаан шийдвэрлэлтийн онцлогын талаар санал солилцлоо.

Мэдээллийн төв