ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна
2025-10-13 Админ Хандсан тоо: 259 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн заавал судлах, мэргэшүүлэх сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Иргэний эрх зүйн чиглэлийн хүрээнд:
- Дундын өмчийн эрх зүй, практик хэрэглээ
- Компанийн хууль дахь хувьцаа эзэмшигчийн шаардах эрх
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
Эрүүгийн эрх зүйн чиглэлийн хүрээнд:
- Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал
- Нотлох баримтыг нууц мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулах, бэхжүүлэх онцлог
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах”, 13.10 дугаар зүйлд заасан “Хувь хүний нууцад халдах” болон 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал
Шүүхийн академи энэ удаагийн сургалтыг нийт зургаан группээр нэгэн зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 170 орчим шүүгч хамрагдаж байна. Сургалтыг тус Академийн шүүгч-сургагч багш нар болон эрдэмтэн, судлаач, багш нар удирдан явуулах аж.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ