ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгосноор нийт шүүгчийн чуулган өндөрлөлөө
2025-10-10 Админ Хандсан тоо: 138 Хуваалцах
Нийт шүүгчийн III дугаар чуулган 2025 оны 10 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд боллоо.
Чуулганы хоёр дахь өдрийн эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
Харин Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч Нийт шүүгчийн II дугаар чуулганаас Улсын дээд шүүхэд уламжилсан саналын хэрэгжилт, биелэлтийн талаар мэдээлэл хүргэв.
Энэ үеэр Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков Канад Улсын Гадаад харилцааны яамны санхүүжилттэйгээр тус байгууллага болон Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг нууц санал хураалтаар сонгох ажиллагаа болж, Хяналтын шатны шүүхээс Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, анхан шатны шүүхээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал нар сонгогдлоо.
Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн III дугаар чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн чуулганы хаалтын үгийг хэлж, хоёр өдөр үргэлжилсэн чуулганы үр дүнг дүгнэн, шүүгчдийн цаашдын ажилд амжилт хүсэв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ