Нийт шүүгчийн III дугаар чуулган эхэллээ
2025-10-09 Админ Хандсан тоо: 210 Хуваалцах

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулна” хэмээн заасны дагуу ээлжит III дугаар чуулган 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр эхэллээ.

Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн чуулганыг нээж, хуралдаан даргалагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, дэд даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарыг нээлттэй санал хураалтаар сонгов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт шүүгчдийн чуулганд мэндчилгээ дэвшүүлж, шүүхийн шинэтгэлийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ шүүгчийн хараат бус байдал, ёс зүй, мэргэжлийн чадварыг эрхэмлэн дээдлэх нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэндчилгээг тус тусын төлөөлөл болох Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Даваадалай нар нийт шүүгчдэд уламжлан хүргэсэн юм.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Тогтолцооны шинэтгэлээс чанарын дэвшил рүү” сэдвээр илтгэл танилцуулав. Илтгэлдээ, “Академик болон практик судалгаа, шинжилгээнд суурилсан шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа нь эрх зүйн хөгжлийг түүчээлэх суурь гэдэг нь эргэлзээгүй үнэн. Шүүхийн академиас 2021-2025 онд 229 судалгааг эрхлэн гүйцэтгэж, 155 дотоод сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 13,441 шүүгч хамрагдаад байна. Өнгөрсөн 2 жилд 9 шүүгч-судлаач шалгаран ажиллаж, 14 судалгааны тайлан нийтлүүлсэн. Шүүгч-судлаач нар судалгааны арга зүйд суралцаад зогсохгүй өөрсдийн практик туршлагаа бусадтай хуваалцаж Шүүхийн академийн хүний нөөцийг чадавхжуулахад харилцан өгөөжөө өгч байна” хэмээн онцлов.

Түүнчлэн “Шүүхийн суваг” цахим хуудсаар гэхэд 2025 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулсан нь, шүүгч шийдвэрийнхээ өмнө итгэл дүүрэн зогсох, олон нийтэд бодит байдлыг нээлттэй харуулах, хуулийн гүнзгий процессын талаар иргэдэд ойлголт өгөхөд оруулж буй хувь нэмэр хэмээлээ.

Чуулганы эхний өдөр Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал, Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах асуудлуудын хүрээнд төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг тус байгууллагын бүтэц, чиг үүрэг болон 2021 оноос хойш хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж, танилцуулсан бол тус академийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн 8 улсын туршлагыг харьцуулан судалсан "Хэрэг хуваарилах журам"-тай холбоотой судалгааны үр дүнг хэлэлцүүллээ.

Нийт шүүгчийн III дугаар чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 516 шүүгч оролцож байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ