ШҮҮГЧ-СУДЛААЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛАВ
2023-08-21 Админ Хандсан тоо: 641 Хуваалцах

       2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор (LL.D.) Ж.Оюунтунгалаг Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнд шүүгч-судлаачаар ажилласан судалгааны ажлын тайлангаа онлайнаар хэлэлцүүллээ.

     Ж.Оюунтунгалаг шүүгч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тус хүрээлэнд шүүгч-судлаачаар ажиллан, “Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хариуцлага хатуу хариуцлагын үзэл баримтлал болох талаарх харьцуулсан шинжилгээ”, “Шүүхийн цахимжилт: хайлтын системээс хиймэл оюун ухаанд” зэрэг судалгааг хийж гүйцэтгэжээ. Мөн шинэ шүүгчийн сургалтад зориулан “Шүүхийн шийдвэр бичих арга зүй”, “Иргэний хууль тайлбарлах”, “Гэм хорын эрх зүйн тусгай төрөл” зэрэг сэдвээр сургалт орж, харин хүрээлэнгийн судлаачдад өөрийн хийсэн судалгааны ажлын арга зүйн талаар танилцуулга хийжээ.

    Тайлант хугацаанд хийж гүйцэтгэсэн “Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хариуцлага хатуу хариуцлагын үзэл баримтлал болох талаарх харьцуулсан шинжилгээ” сэдэвт судалгааны өгүүлэл нь Нагоягийн Их Сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн хянан магадлал бүхий (peer review) сэтгүүлд англи хэлээр хэвлэгдсэн бөгөөд “Шүүхийн цахимжилт: хайлтын системээс хиймэл оюун ухаанд” сэдэвт судалгаа нь “Монголын төр, эрх зүй” сэтгүүл болон “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл (цуврал-I)”-д хэвлэгдэхэд бэлэн болсон байна. Сэтгүүлийн шинэ дугаарыг Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цахим номын сангаас үзэх боломжтой.

 

Мэдээллийн Төв